“Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд, ХБНГУ дахь Монгол улсын Соёлын Элч О.Оюунтуяагийн санаачилсан “Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөр 2020-2021 онд хэрэгжинэ.
2019 оны хөтөлбөрийн хоёр шатны мэргэжлийн сургалтыг энэ оны 9, 10 дугаар сард Хүүхдийн төв номын санд ХБНГУ-ын “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн эдийн засгийн хүрээлэн“-гийн захирал, профессор, доктор Клаус Зийбенхаар, урлагийн түүхч, соёл урлагийн менежер, ЮНЕСКО-гийн 2005 оны Конвенцын олон улсын шинжээч Ж.Бодьбаатар, соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарын удирдлага зүйч, менежер О.Оюунтуяа, Олон улсын өмгөөлөгч, оюуны өмчийн эрх зүйн зөвлөх, доктор Д.Уянга нар удирдан явуулжээ.
ХБНГУ-ын соёл урлагийн салбарын менежер, удирдлагуудыг сүүлийн 30 жил бэлтгэсэн, 2009 оноос хойш БНХАУ-ын залуу манлайлагч, менежерүүдийг сургасан туршлагатай IKMW, профессор, доктор Клаус Зийбэнхаар соёл, урлагийн менежмент, удирдлага зүй, стратеги төлөвлөгөө, соёлын бодлого, соёлын өв, хууль эрхзүйн хүрээ, маркетинг, олон улсын харилцаа хамтын ажиллагаа, үзэгч олон нийтийн хөгжлийн асуудал ба урлагийн боловсрол, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг эрчимжүүлсэн сургалтыг манай соёл, боловсролын мэргэжилтнүүдэд мөн заасан байна.
ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, Соёлын Харилцааны Газрын зөвлөх Ж.Сэрээжав, Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, Швейцарын хөгжлийн агентлагийн Соёл урлагийн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тансагмаа, Германы ахмад мэргэжилтнүүдийн албаны Монгол дахь төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, Монгол Улс дахь Гёте институтийн захирал Михаил Хайнст нар ч сургалтад оролцогчдод хичээл заасан аж.
Мөн төрийн ба төрийн бус соёл урлагийн 17 байгууллагын удирдлагуудад соёл урлагийн маркетинг, үзэгч олон нийтийн хөгжлийн асуудал, олон улсын харилцаа хамтын ажиллагааны сэдвээр зөвлөгөө өгсөн байна. 2020-2021 он хүртэл хэрэгжүүлэх “Соёл урлагийн менежмент Монголд“ (KUMA) хөтөлбөр нь мэргэжлийн өндөр түвшний эрчимжүүлсэн сургалт төдийгүй урт хугацааны хөтөлбөр гэдгээрээ онцлог юм байна.