Байгаль орчинНийгэмЭнэ сардФото сурвалжлага

Оюутан залуус “Эрдэнэ”-ийн талбайд 300 мод тарив

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах “Ногоон Ази сүлжээ” Олон улсын ТББ-ын ойжуулалтын талбайд Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан өнгөрөгч бямба гаригт 300 ширхэг мод суулгаж, услах ажлыг зохион байгууллаа. Энэхүү ажлыг “Ногоон Ази сүлжээ” Олон улсын ТББ-тай хамтран ажилладаг оюутан залуусын “My Club”-ын гишүүд болон “YMCA” Олон улсын Залуучуудын байгууллагын сайн дурын гишүүд хийж гүйцэтгэсэн юм.

Намрын шаргал наран ээж, цэлмэг сайхан өдөр байсан ч өвөл айсуйг сануулах мэт мод услахаар бэлтгэсэн саван дахь ус төө хэрийн мөс тогтчихсон байв. Залуус тэдгээр мөсийг цөмлөн хугалж, холдуулахад багагүй хугацааг зарцуулсан хэдий ч “Олны хүч оломгүй далай” тул зорьсон хэргээ саадгүй бүтээн мод тарих, мод услах ажлыг эрч хүчтэйгээр хийж дуусгасан билээ. Энэ үеэр мод тарих ажилд оролцогчдын сэтгэгдлийг асууж, ярилцсанаа хүргэж байна.

Э.Мөнх-Алдар: Бид бие биенээ гэсэн сэтгэлтэй, нэг зорилгын дор нэгдсэн айл юм

Намайг Мөнх-Алдар гэдэг. Би “My Club”-т яваад 3 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Хамгийн анх My Club-ын ах эгч нар манай сургууль дээр ирж эко сургалт явуулж, танилцуулга хийсэн. Ангийнхаа багштай ярьж байгаад л анх явж байсан. Хамгийн анх Төв аймгийн Аргалант сумын ойжуулалтын талбайд очиж модны нүх ухах бэлтгэл ажлыг хийсэн. Өнөөдрийн хувьд “My Club”-ын 2019 оны хаалтын үйл  ажиллагаанд оролцож, мод суулгаж, услах гээд ирсэн.

Энэ клубын гишүүн болох шийдвэр гаргахад яг юу нөлөөлсөн бэ?

-Бид зүгээр л сайн дураараа нэгдсэн. Сайн дурын ажил гэдэг ямар нэгэн цалин мөнгө, үнэ хөлсгүй. Хүмүүс их асуудаг л даа. Цалин мөнгөгүй ямар ажлаа хийгээд яваад байгаа  юм гэдэг. Надад хамт олон маань илүү сайхан санагддаг. Нэг гэр бүл шиг, бие биенээ гэсэн сэтгэлтэй, нэг зорилгын дор нэгдсэн айл юм. Энэ гэр бүлийн гишүүн болоод явж байгаадаа үнэхээр баяртай байдаг.

– Мод тарих ажлыг хийхэд юуг мэдэрдэг вэ?

-Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн ажил шүү дээ. Үр хойчдоо хөрөнгө оруулалт  хийж байна. Эх орныхоо ногоон ирээдүйн төлөө “My Club”-ынхээ гишүүдтэй хамтдаа хичээж зүтгэж байна гэдэг чинь үнэхээр гоё. Сэтгэл ханамж  дүүрэн байдаг.

-Гурван жилийн хугацаанд байгаль орчин хэрхэн яаж өөрчлөгдөж байгааг харж мэдрэхэд хангалттай хугацаа гэж бодож байна?

-Тийм шүү. Төв аймгийн Аргалантын ойжуулалтын талбайд хамгийн анх очиж ажилласан хүмүүсийн нэг нь би. Биднийг очиход тэр газар битүү шар шороо, элс л байсан. Харин одоо нүдэнд харагдаж, гарт баригдахуйц өөрчлөлт гарсан. Түүнийг харах болгондоо энэ Аргалантын талбайг бид нар хамтын хүчээр ийм сайхан болгож чадсан шүү гэж бодоход үнэхээр сайхан байдаг.

 -Үе тэнгийнхэндээ хандаж хэлэх үг юу байгаа бол?

-Солонгос хүмүүс хүртэл манай Монгол Улсад ирж мод тариад, ямар ч цалингүй өөрсдөө зардлаа гаргаад сайн дураараа ирээд мод ургуулж, арчлаад явж байхад яг үнэндээ бид  үнэхээр арчаагүй санагдсан.  Тэгээд л энэ My Club-ын нэг гишүүн болохоор шийдсэн. Та нар ч гэсэн бидэнтэй нэгдээсэй гэж хүсмээр байна.

Э.Жаргалтуяа: Монголчууд нь газраа булаацалдаад явж байгаад ичмээр санагддаг

-Миний хувьд Эрдэнэ сумын талбайн ажилтнаар ажиллаад жил гаруйн хугацааг өнгөрүүлсэн байна. Манай гэр энэ талбайн хойхно байдаг. Хүмүүс хот суурин луу нүүж байхад бид утаанаас хол хүүхдийнхээ ирээдүйг бодоод Эрдэнэ суманд нүүж ирсэн. Эхэндээ юу хийж яаж амьдрана даа л гэж боддог байсан. Гэр бүлийн маань хүн Таван толгойд том тэрэгний жолооч, харин би дэлгүүрт худалдагч байсан. Хотод л амьдрал байгаа гэж бодтол хөдөө хүүхэд өвдөхгүй, сайхан байна. Олон сайхан хүмүүстэй мод тариад, ургаж төлжихийг хараад л баяр хөөр дүүрэн ажиллаж байна.

Хашааны гадна талд улаан шороо бужигнаж, харин дотор талд нь ногоон тал байгаль хөрс ургамал сэргээд үнэхээр сайхан байна. Гэтэл манай хамт олны мод тарьсан талбайн нилээдгүй хэсэг нэг компанийн талбайтай газрын давхцал үүссэн гээд хэл ам болсон тул чацарганын бутнуудаа зөөж суулгасан. Гэхдээ  анхны суулгасан хөрснөөс шилжүүлж суулгахад ургалтын чанарт нөлөөлж байна. Гадаад хүмүүс манай улсад мод тарина гээд яваад байхад харин монголчууд газраа булаацалдаад явж байгаад ичмээр санагддаг. Хашааг тойроод дүүрэн элс хайрга байгаа биднээс газрыг минь авчихвал элс шороо бужиганасан газар л болно. Манай хамт олны 10 жилийн хөдөлмөр үнэгүйдэх вий гэхээс санаа их зовдог.

Ц.Оюунтогтох: Байгаль эх дэлхийгээ хамгаалах л хэрэгтэй

-Би YMCA клубын гишүүн. Анх удаагаа мод тарихаар энэ талбайд ирж байна. Хүүхэдтэйгээ олон хоногийн өмнөөс ярилцаад зорьж ирсэн. Үнэхээр гоё байна.

-ҮМСА клубынхээ талаар танилцуулаач?

Дэлхийн олон улс орнуудад салбартай залуучуудын хөгжлийг дэмжихэд түлхүү анхаарч ажилладаг байгууллага. Англи хэл, франц хэл заалгаж, дуу хөгжим, гитарын сургалт явуулдаг. Залуучууд чөлөөт цагаараа ном уншиж, ном болон мэдээллүүдээ солилцдог. Энд ирсэн нэг гол шалтгаан бол миний хүү хувийн сургуульд суралцдаг. Анги нь 15 хан хүүхэдтэй. Байрныхаа ч гадаа гардаггүй хүүхдийн маань харилцаа нь хязгаарлагдмал болчихоод байсан тул ийм сайн дурын  байгууллагад явуулж, үе тэнгийн эсвэл өөрөөсөө ах, эгч, дүү хүмүүсийн дунд оруулахыг хүссэн. Мөн өөрийнхөө  мэддэг болон мэддэггүй сэдвээрээ ярилцах боломжийг илүү нээж өгнө гэж харсан. Өнөөдөр энд ирээд миний хүү анх удаа хүрз барьж үзэж байна гэлээ. Миний ч хувьд хүүхэд байхдаа мод тарих ажилд албан шаардлагаар оролцож, тарьсан мод нь ургаагүй учраас олон жил ийм арга хэмжээнд оролцоогүй. Ургахгүй бол яана гэдэг айдастай байсан. Харин “Ногоон Ази сүлжээ” Олон улсын ТББ-ийн талаар судалсан чинь мэргэжлийн хүмүүс мод тарихад нь тусалж, дараа нь арчилгаа маш сайн хийгдэнэ гэсэн. Тэр нь таалагдаад олон жил хурсан айдсаа даваад энд ирсэн.

-Мод тарихын ач тусыг тодорхойлвол?

-Би энд ирээд хоёр өөр орчинг харж байна. Хашааны гадна талд элсний карьер ажиллаж байна. Дотор талд байгалийн сайхан харагдаж байна. Элсэн цөл, хангай газар. Хоёр өөр дүр зураг. Мэдээж би өнөөдөр үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хичээж байна. Миний хүүхэд дараа ирэхэд элс шороотой газар тоглох уу эсвэл энэ сайхан жимс ургасан өвс халиурсан газарт ирээд явах нь илүү юү. Ингээд болоход үнэхээр өнөөдөр миний хийж байгаа ажлын зорилго харагдана. Байгаль эх дэлхийгээ хамгаалах л хэрэгтэй. Миний хүүхэд энд ирээд бүхнийг өөрөө харж мэдэрч ойлгож байна. Телевизээр хараад, ном уншаад  чихний хажуугаар нь гарчихдаг байсан бол өнөөдөр өөрөө энд ирээд биеэрээ мэдрээд явахад сэтгэлд нь гүн гүнзгий сэтгэгдэл үлдэж байгааг би харж байна.

                                                                            

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close