Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлгийн шатнаас эргүүлэн татлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдлээ.
Албан бичигтээ “…Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр асууж шийдвэрлүүлэх ёстой…” талаар дурдаж, Ард нийтийн санал асуулга явуулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулснаа хүргүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулан өгч, энэ асуудлаар сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариуллаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ХҮРГҮҮЛСЭН АЛБАН БИЧИГ:
Монгол Улсын Их Хурал улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хууль зүйн зөрчил, маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан, улс төрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж, улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус, гучин жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх, ач холбогдол муутай хувилбарыг ард түмэнд тулгахаар шийдвэрлэлээ.
Миний бие Улсын Их Хурлын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тодорхой ач холбогдол бүхий зохицуулалт тусгагдсан гэж үзэж, орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн, хямрал, бэрхшээлийг нэг мөр хамтран шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй.
Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг олгох, Улсын Их Хурлын гишүүдэд сайдын ажил давхар эрхлэхийг хориглох, сонгуулийн тогтолцоог тодорхой тогтвортой болгох, тойргийн асуудалд автдаг далан зургаан гишүүний тоог нэмэгдүүлж ард түмний жинхэнэ элч төлөөлөгч байх боломжийг бүрдүүлэх, гишүүдийг улс орны нийтлэг эрх ашиг, хөгжлийн төлөө ажилладаг болгох зэрэг ач холбогдол бүхий, улс орны цаашдын амьдрал, хөгжилд жинтэй хувь нэмэр болох өөрчлөлтүүд бүгд хасагдлаа.
Иймд миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
Улсын Их Хурал Ардчилсан намын санал, шахалтаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх болсныг зөв гэж үзэж байна. Гэхдээ ач холбогдол муутай төсөл тулгах бус засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр асууж шийдвэрлүүлэх ёстой. Тодруулбал Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна.
Миний бие Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу энэ чиглэлээр ард нийтийн санал асуулга явуулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд ард иргэдийнхээ өгсөн хариулт, шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж, нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байна. Ингэснээр гүйцэтгэх засаглалын тэргүүнийг улс төрчдийн барьцаа, хүлээснээс ангижруулж, улс орон тогтвортой хөгжин дээшлэх боломж бүрдэнэ.
Тиймээс Үндсэн хуулийн асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн даруй Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг хүсье” гэжээ.