Байгаль орчинНийгэмЭнэ сардЭх сурвалж

Г.Ганхүү: “Ус-Алтнаас илүү үнэ цэнэтэй” гэдэг нь удахгүй мэдэгдэнэ дээ

“Гранд хаан” айриш паб компанийн гүйцэтгэх захирал, “Шар айраг” хамтлагийн дуучин, уулын спортын мастер, үүргэвчтэй аялагч,”Яг түүн шиг” шоуны шүүгч зэрэг олон төрлийн ажил алба эрхэлдэг, мэдлэг мэдээллийн “уурхай” болсон Гэндэндарамын Ганхүү эрхэмтэй уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой асуудлаар ярилцсанаа хүргэж байна.

Байгаль орчныг хамгаалах үйлсэд гадаад хүн оролцож тусалж байна. Ногоон Ази ТББ –г мэдэж, тэдний үйл ажиллагаатай танилцахад юуг мэдэрч байсан бэ?

-Би “Ногоон Ази” ТББ –ийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Нэг өдөр надтай “Ногоон Ази ТТБ-аас ярьж байна. Манай төслийн удирдагч маань ном гаргасан юм. Тэр номны нээлт болох гэж байгаа юм. Таныг аливаа арга хэмжээг хүнд хүртээмжтэй хөтөлдөг болохоор нь гуйж байгаа юм” гэж нэг эмэгтэй холбогдсон. “Яг ямар төсөл юм бэ” гэж асуухад “Солонгос хүмүүс Монголд хэрэгжүүлдэг төсөл юм. Хөдөө орон нутагт мод тарьдаг” гэхэд нь “Монголд мод тарьж байгаа нь сайн л байна” гэж бодоод “Уулзаад үзье” гэсэн.

Өдрийн хоолны цагаар уулзсан ч орой нь арга хэмжээ хөтлөх байсан учраас удаан байж чадаагүй ч тодорхой мэдээлэлтэй болж, “Мундаг хүмүүсийн хийж байгаа ажлыг дэмжээд өгье” гэж хэлээд гарсан. Тэр үед “Манай төслийн талаар ч бага ч гэсэн мэдээлэлтэй болоорой. У Ги Чүл даргын гарын үсэгтэй шинэ номын дээжийг өгье” гээд ном бэлэглэсэн. Тэгээд орой нь гэртээ хариад бэлэгэнд авсан номоо нээж харья. Жаахан мэдээлэл авья даа” гээд эхлүүлтэл нэг мэдсэн номныхоо амтанд очихсон байсан. Нэг хэсэг газар нь сэтгэл огшоод, зарим газар нь нулимс хүртэл гараад унтахаа мартаад уншаад дуусгачихсан.

Номыг уншиж дуусаад өдрийн хоолны үеэр яаруу сандруу, ажилтай гээд тухгүйхэн уулзаад гарчихсандаа үнэхээр их ичсэн. У Ги Чүл даргын “Ноолуурын ширхэгтийн ард нуугдсан нулимс” нэртэй тэр номонд “Хогийн цэгэнд ажилладаг хүүхдийн амьдралыг хэрхэн өөрчилсөн тухай, Монголчууд бидэнд мод тарих ухааныг зааж, хүмүүсийн амьдралыг өөрчилж байгаа буянтай сайхан үйл хийж өгсөн” тухай өгүүлсэн байлаа. Үнэхээр их таалагдсан.

Млнголчууд бид ярьдаг даа. Хүн энэ амьдралдаа ном бүтээх ёстой, мод тарих ёстой, үр удмаа үлдээх ёстой  гэдэг. Тэгвэл монголчууд бид мод тарих ажилд нь хэр оролцдог юм бэ. Зүгээр л сэтгэлийн хөдөлгөөнөөр  ёс төдийхөн оролцож, тарьсан мод нь дараа нь урсагасан эсэхийг ч мэдэхгүй, арчилгааг нь мартчихдаг гэж болно. Гэтэл У Ги чүл даргын эхлүүлсэн ажлын хүрээнд хэдэн зуун мод тарьчихсан. Тэр нь арчилгаатай. Арчилж байгаа хүмүүстээ үр дүн нь хүрсэн сайхан ажил болсныг мэдэрч үнэхээр бахархсан. Маргааш нь очиж номын нээлтийг нь сайхан хөтөлж өгсөн. У Ги Чүл дарга үнэхээрийн мундаг хүн байна гэж харсан.

-Монголчууд маань эртнээсээ байгаль дэлхийгээ хайрлаж хүндэлж харьцдаг ёс зүйтэй ард түмэн. Орчин цагийн хүмүүс байгаасай гэж та боддог вэ?

-Нэг үеэ бодвол залуучууд ухамсартай болсон байна. Аялалд олноороо явцгаадаг болсон байна. Энд тэндэхийн гол дээр бууцгаасан хүмүүстэй уулзаж “Хог битгий хаяарай” гэхэд “Ганхүү ахаа, бид хогоо уутанд хийсэн. Замаараа  хогийн цэг дээр хаячихна аа” гэж байна.  Байгальд ээлтэй аялж байгаа залуучууд их байна. Тэгж чаддаггүй хүмүүс ч байна.  Ер нь бид нийтээрээ “Сонгогчдын боловсрол” гэдэг шиг “Байгаль орчноо хамгаалах боловсролд суралцах” цаг нь болсон гэж бодож байна.

Яагаад гэвэл бидний өвөг дээдэс байгаль орчноо дээд зэргээр хамгаалж шүтэж ирсэн. Нүүж суухдаа байгаль орчноо унаган төрхөөр нь үлдээдэг уламжлалтай ард түмэн. Монгол гутал гэхэд экологид ээлтэй газраа сэндийлэхгүй гэдэг үүднээс ээтэн байдаг. Бидний үед байгалиа хамгаалдаг тэр ёс нь алдагдчихаад байна. Тиймээс байгаль орчноо хамгаалах талаар маш сайн сурталчилах ёстой. Бид хойч үедээ байгалиа хамгаалах зөв хандлагыг ойлгуулж амьдрахгүй бол болохгүй цаг үе тулгараад байна.

-Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлт бол хүн болгоны анхаарал хандуулах асуудал юм. Таны хувьд олон улс орноор аялж, өөрийн нүдээр харсан байгаа. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт танд хэрхэн мэдрэгдэж байна?

-Мэдрэгдэлгүй яахав. Африк тивийн цор ганц мөнх цастай үзэсгэлэнт Клеменжаро уул байдаг даа. Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн хурдыг мэдэрсэн сүүлийн 100 жил байгаль орчноо сүйтгэж эхэлсэн цагаас энэ уулны нийт цасных нь 54 хувь нь алга болсон. Сүүлийн 10 жилд нийт цасных нь 30 хувь алга болсон байх жишээтэй. Дэлхийн дулаарал байгаль орчинд шууд нөлөөлж байна. Энэ өөрчлөлтөө дагаад уур  амьсгал өөрчлөгдөж байна. Дэлхий даяар хэзээ ч халж байгаагүй халалтууд болж байна. Европт +45  хэм хүрсэн. Саяхан Катарт дэлхийн хамгийн халуун +63 хүртэл халсан гэж байна. Үнэндээ энэ бол хүн төрөлхтөнд өгч байгаа аюулын харангын дохио. Улс орон болгонд өөрийн эсэн бэрхшээлүүд бий болж эхэллээ.

-Дэлхйийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн хор нөлөөг багасгахын тулд  Монголчууд бид хамгийн түрүүнд юу хийвэл зохих бол?

Мод тарих. Монгол шиг цөлөрхөг газар нутагтай, маш бага ойтой улс  мод тарих хэрэгтэй. Дээр нь усныхаа хэрэглээг  зөв болгох хэрэгтэй. Ямар  ч бодлогогүй, замбараагүй бараг гадаргууны ус хэрэглэдэггүй зөвхөн гүний усаа бүх зүйлд хэрэглэдэг улс дэлхийд ховорхон. Усаа хайр гамгүй хэрэглээд л байна. “Ус-Алтнаас илүү үнэ цэнэтэй” гэдэг нь удахгүй мэдэгдэнэ дээ.

-Энэ асуудлыг төр засгын хэмжээнд бодлого гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавих хэрэгтэй?

-Хувийн хэвшлийнхэн энэ ажлыг эхлүүлсэн байгаа. “М-Си-Эс Коко Кола” компани саарал усаа ашиглаж байна. “Энержи ресурс” компанийн Дулааны цахилгаан станц усны хэрэглээ нь маш бага болсон. Төр засаг маань л энэ талын анхаарал нь жаахан удаан байгаа юм болов уу. Миний мэдэхийн Туулын эхэнд усан сан байгуулж, нийслэлийн усны хэрэглээ, саарал усыг хангая гэсэн төслүүд явж байсан ч харамсалтай нь тэднээс нүдэнд харагдаж, гарт баригдсан зүйл алга л байна. Үнэ цэнэтэй цэвэр цэнгэг усыг үнэхээр гамгүй хэрэглээд л байна. Үнэхээр харамсалтай.

-Олны танил хүмүүс байгалиа хамгаалах үйлсэд олон нийтийг уриалж, оролцох нь  илүү үр дүнтэй харагддаг. Таны хувьд ямар ажил хйиж байна?

-Миний хувьд урлагийнхантайгаа хамт мод тарих ажилд идэвхитэй оролцдог. Саяхан Рок попынхон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д Никитоны төгөл байгуулахад оролцлоо. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г НИТХ-ын төлөөлөгч байхдаа хүчин зүтгэж байгуулахад оролцож байсан. Ямар ч байсан өөрийн зүгээс байгаль хамгаалах ажлыг идэвхитэй дэмжиж ажилладаг. Хүмүүст хандаж хэлэхэд ухамсартай байж хогоо хаядаггүй болмоор байна. Бид хамтын нийгэмд амьдарч байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 Жил

саарал усыг ашигладаг болохыг бүх хүмүүс сурмаар бна даа. энэ зуны их борооны усыг цуглуулсан бол ч……..

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
Close