НийгэмЭнэ сардНийслэл

А, В, С бүсчлэл ирэх сарын 15-аас хэрэгжинэ

Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд гурван бүсчлэлд хуваах болсон талаар өнөөдөр /2019.07.23/ мэдээлэл хийлээ. Шинэ дүрмийг наймдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхэлнэ.

Нийслэлийг А, В, С гэсэн гурван бүсэд хуваах аж.

  • А бүс нь бага талбайг хамрах бөгөөд МУБИС-иас “Цэцэг” төвийн уулзвар, “Шангри Ла” зочид буудлаас Бага тойруу хүрэх хэсгийг,
  • В бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замыг,
  • С бүс нь дээр дурдсанаас гадуурх хэсгийг хамарна.

Хотын төвийг А, B бүс гэх бөгөөд хотын төв рүү замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, төлбөр төлөөгүй, үзлэгт ороогүй эсвэл тэнцээгүй, мөн тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй бол нэвтрүүлэхгүй байх зохицуулалтыг хийхээр болжээ.

Харин хотын захын хэсэг буюу С бүсийн хэсэгт иргэд машинаа тавьж, А, B хэсэг рүү нийтийн тээврээр зорчих боломж бүрдүүлэх юм байна.

Замын бүсчлэл

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН БҮХ ЗОГСООЛЫГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОНО

Энэ талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байна. Дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй нөхцөл байдал үүссэн. Өмнө нь дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулан нэг эгнээг чөлөөлөх гэх зэрэг арга хэмжээг авсан. Гэвч энэ нь түгжрэлийг бууруулахад үр дүнгээ өгч чадахгүйд хүрлээ. Цаашид төвлөрлийг бууруулах зорилгоор төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотоос нүүлгэх нь урт хугацааны асуудал. Харин бид тэр хүртэл богино болон дунд хугацааны төлөвлөлтийн ажлыг ийм байдлаар зохицуулна” гэлээ.

Нийтийн тээвэр иргэдэд хүрэлцээтэй, хурдан, цэвэрхэн, аюулгүй байх ёстой учир  энэхүү шаардлагыг нийтийн тээврийн компаниудад тавих юм байна. Дугуйн замыг нэмж, Улаанбаатарын замын хөдөлгөөнийг ухаалаг системтэй болгох, аль талд их машин байна тэнд ногоон гэрэл удаан асах гэх мэт зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Нийслэлд босоо болон хөндлөн тэнхлэгт экспресс буюу шуурхай автобус үйлчлэх юм. Мөн арав орчим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох юм байна. Туршилтын ажиллагаа эхэлсэн явж байгаа талаар мөн хэллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close