НийслэлЭрүүл мэнд

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах Хөгжлийн төв үүдээ нээлээ

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” өнөөдөр нээлтээ хийлээ.

“Монгол Улсад 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Эдгээрээс 11,3 мянга буюу 10,6 хувь нь 0-17 насны хүүхдүүд байна. 10 гаруй мянган хүүхэд бүрт бид анхаарал халамж тавьж,  хүрч ажиллах ёстой” гэж тус төвийн нээлтийн ажиллагаанд оролцохдоо Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Монгол Улсын төр, засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бусдын адил эрхээ эдэлж, сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, төрийн үйлчилгээ авах, хөгжлийн үр шимээс адил, тэгш хүртэх боломж олгох, нийгмийн баталгааг хангах талаар багагүй арга хэмжээ авч,  хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулсан.

Түүнчлэн Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарласан. Мөн өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдан хүсэлт гаргасан хүүхэд бүрт Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох шийдвэр гаргасан. Ингэснээр Монгол Улсын 0-18 насны хүүхдүүдийн 85 хувь буюу 1,0 сая гаруй хүүхэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах юм.

Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхэд олгож буй асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргана гэж Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн бүрийг нийгмийн амьдралд оролцох нөхцөл боломж, орчныг бүрдүүлж, хөгжлийг бүтээгч иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг цаашид хэрэгжүүлэн ажиллана. Энэ жил 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, нийслэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны хүүхдүүдийн 8700 нь буюу 77 хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байна. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа шалтгааныг бууруулах, олдмол хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулах хэрэгтэй байгааг тэрбээр тэмдэглэлээ.

Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцсон юм. Энэхүү хөгжлийн төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын шийдэл, суурилуулсан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэргийг үзэж танилцсаныхаа дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Олон улсын стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анхны сэргээн засах хөгжлийн төв өнөөдөр нээлтээ хийж байна. Дотроо хэвтэн эмчлүүлэх, бүх төрлийн усан эмчилгээ, хөдөлгөөнт эмчилгээ гээд олон төрлийн сэргээн засах эмчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Мөн 180 гаруй мэргэжлийн эмч, ажилтантай анхны жишиг хөгжлийн төв болж байгаагаараа онцлогтой юм. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт цогцолбор болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлыг эхлүүлнэ. Мөн зургаан аймагт ийм жишиг төвүүд баригдана. Энд хамгийн чухал анхаарах ёстой зүйл бол мэргэжлийн эмч, сувилагч, сэтгэлзүйч гээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй тулж ажиллах боловсон хүчний асуудал юм” хэмээлээ.

Шинээр нээгдсэн энэхүү төв нь 250 өвчтөн хүлээн авах ортой, мөн тооны хүүхдэд гадуур амбулатори эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм байна. Тус төв нь хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасагтай төдийгүй нөхөн сэргээлтийн сургалтын төвтэй аж. Өдөрт 500 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах боломжтой юм байна. Мөн тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой аж. Түүнчлэн нарийн багажийн шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ, шаардлагатай туслах хэрэгсэл буюу протез, ортопед хийлгэн авах зэрэг олон үйлчилгээ авах боломжтой юм байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close