Нийслэлчүүдийн хэрэгцээнд бэлтгэсэн нөөцийн махны 70.5 хувийг борлуулжээ

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Махны хангамж, нийлүүлэлтийн талаар авч буй арга хэмжээний талаар
Дотоодын зах зээлд нийлүүлэлтийн улирлын хамаарал болон цаг үеийн шинжтэй үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан махны хангамж, нийлүүлэлтийг сайжруулах талаар авч байгаа арга хэмжээ, мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулъя.
Нийслэлийн хүн амын махны хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэсэн махны үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар мах нөөцөлж, хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулж байна.
Арилжааны банкны шалгуурт тэнцсэн “Баатарууд Тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт 4.0 мянган тн мах бэлтгэснийг нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс нийлүүлж байна. Худалдаанд 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар нийт 2820 тн мах буюу бэлтгэсэн нөөцийн 70.5 хувийг борлуулаад байна.
Нийслэлийн 8 дүүрэгт хүнсний 137 дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг 7200 төг/кг, хонины ястай махыг 6000 төг/кг, ямааны ястай махыг 5500 төг/кг үнээр худалдаалж байна. Энэ нь зах зээл дэх жижиглэнгийн үнээс 16-45 хувиар хямд байгаа юм.
Нийслэлийн хүн амын махны нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөсөн худалдааг 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэн ажиллаж байна. Нөөцийн махны худалдааг хүртээмжтэй болгох зорилгоор салбарын яамнаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Улаанбаатар хотын холбогдох байгууллагуудтай уулзаж, худалдааны сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан зохион байгуулахаар ажлаа эрчимжүүлж байна.

5 дугаар сарын 10-наас 15-ны өдрийн хугацаанд хүнсний захуудын махны үнэ огцом өсч, ард иргэдийг бухимдуулсан явдал нь цаг агаарын хүндрэлээс үүдэн хот хоорондын тээвэрлэлтийг түр хязгаарласан болон гарал үүслийн баталгаагүйгээс мэргэжлийн хяналтын байгууллагын хориг тавигдсанаас махны нийлүүлэлт саатсан, шатахууны үнийн өсөлт махны үнийн өсөлтөд нөлөөлсөн, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд захаас болон зах руу ирэх махнаас амдан авч, түүхий эдээ бэлтгэсэн зэрэг явдал нөлөөлсөн байна.
Үндэсний статистикийн газрын 5 дугаар сарын 22-ны өдрийн мэдээгээр өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад 62-136 төгрөгөөр буюу 0.5-1.27 хувиар буурсан байна.
Яамнаас 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн тандалт судалгаагаар, Хүчит шонхор захад хонины мах бөөний үнээр 7000-7800 төг/кг, жижиглэнгийн үнээр 8000-9500 төг/кг, ямааны мах бөөний үнээр 6500-7000 төг/кг, жижиглэнгийн үнээр 7700-9500 төг/кг, үхрийн мах бөөний үнээр 7500-9000 төг/кг, жижиглэнгийн үнээр 10000-12000 төг/кг, адууны мах бөөний үнээр 6800-7200 төг/кг, жижиглэнгийн үнээр 8500-9000 төг/кг үнэтэй байна.
5 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар орон нутгаас Нийслэл хот руу нийт 67.1 тн мах, 553 толгой амьд мал нийлүүлэгдсэн байна
Хаврын тариалалт 70 орчим хувьтай үргэлжилж байна
Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ.
Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 950 гаруй аж ахуйн нэгж, хоршоо 16.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж 5 дугаар сарын цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил жигдэрч эхэлсэн.

Тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой.
05 дугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээгээр 260.0 мянган га-д үр тариа, үүнээс 251.0 мянган га-д улаанбуудай, 9.6 мянган га-д төмс, 2.8 мянган га-д хүнсний ногоо, 6.2 мянган га-д малын тэжээл, 13.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 292.4 мянган га-д тариалалт хийснээр үр тариа, төмсний тариалалтын явц 70 орчим хувьтай, хүнсний ногоо 30 хувьтай явагдаж байна.
Тариалалтын явц өнгөрсөн жилийн мөн үеэс 10 орчим хувиар доогуур байгаа нь энэ жилийн 5 дугаар сар бүхэлдээ хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байгаа тул тариалалтын ажил удаашралтай явагдаж байна. Түүнчлэн шөнөдөө хүйтэн байгаатай холбоотойгоор хүнсний ногооны үрслэгийг ил талбайд шилжүүлэн суулгах ажил үндсэндээ эхлэж чадаагүй байна.
Энэ хаврын тариалалтад зориулан 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 383 аж ахуйн нэгж, иргэнд 1.6 мянган тонн шатахууныг 50 хувийн, 250 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 62 тонн ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож тариалалтын ажилд дэмжлэг үзүүлээд байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд 7.6 сая ам. долларын хөрөнгөөр газар тариалан, тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 50-165 морины хүчтэй трактор 186 ширхэг, дарш хураагч 34 ширхэг, хадлан, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 60 иж бүрдэл техникийг нийлүүлж 10 хувийн урьдчилгаатай, жилийн 2 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай зээлээр олгож байна.

Түүнчлэн “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд нийтдээ 9.0 мянган га талбайг услах хүчин чадал бүхий усалгааны техник, тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнээс өнөөдрийн байдлаар 3.0 мянган га талбайг услах хүчин чадал бүхий 40 гаруй бороожуулагчийг 12 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэйгээр 20 гаруй аж ахуйн нэгж, иргэнд зээлээр олгоод байна.
“Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд 9 нэр төрлийн 2.2 тонн хүнсний ногооны үр, 45 тонн төмсний супер элит үрийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хүнсний ногоо тариалагчдад үнэгүй олгож байгаагийн зэрэгцээ 32 м2 талбай бүхий 160 ширхэг нийлэг хальсан хүлэмж нийлүүлж иргэдэд хөнгөлөлтэй нөхцлөөр зээлээр олгов.
“Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд 171.0 сая төгрөгийн санхүүжилтээр 15.6 мянган ширхэг бага тархацтай жимс жимсгэний суулгац нийлүүлэх тендер шалгаруулалтыг зарлаж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай Засгийн газрын 131 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 02 тоот албан даалгавар гаргаж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Хаврын тариалалтын ажлын явцыг эрчимжүүлэх, тариаланчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонсох, тулгадсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн 7 хоногт Яамны удирдлага Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн тариалан бүхий сумдад ажиллав.
Орон нутагт ажилласантай холбоотойгоор тариалангийн талбайн хөрсний үржил шимийг байгалийн болон механик эрсдэлээс хамгаалах, бордоо ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, тариалангийн талбайг хашаажуулах, тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослон эрхлэх зэрэг ажилд төрийн захиргааны бүх шатны байгууллага болон төрийн бус байгууллага, тариаланчид малчид онцгой анхаарал хандуулж хамтран ажиллах шаардлагатай байгааг салбарын сайд анхааралдаа авч зохих үүрэг даалгаврыг холбогдох албаны хүмүүст өгч, энэ жилийн батлагдсан төсөв, санхүүгийн боломжиндоо тулгуурлан тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэхэд чиглэсэн тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

30 мянган адууны ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн арилжиж эхлээд байна.
Түүхий эдийн “Эмээлт” зах дээр байгаа 600.0 мянган ширхэг адууны ширний стандартад нийцсэн хэсгийг дотоодын арьс ширний үйлдвэрийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах, мөн стандартын шаардлага хангаагүй адууны ширийг дэл сүүлгүйгээр Хөдөө Аж Ахуйн Биржээр дамжуулан бүртгэлжүүлэн арилжих ажлыг зохион байгуулахаар Засгийн газрын 191 дүгээр тогтоол баталсан.
Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн аж ахуйн нэгж адууны боловсруулаагүй шир экспортлох хүсэлтээ Хөдөө аж ахуйн биржид ирүүлээд байна.
Хөдөө аж ахуйн бирж нь боловсруулаагүй адууны ширийг бүртгэлжүүлэх зорилгоор “Их зам транс” ХХК-ийн компанийн агуулахад итгэмжлэл олгож, байнгын гишүүн хөдөө аж ахуйн брокерын компаниудаар зуучлуулан 30 гаруй мянган адууны ширийг Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оруулаад байна.
“ИХ ЗАМ ТРАНС “ ХХК-ний агуулахад 170 гаруй мянган адууны шир сүүлийн жилүүдэд хуримтлагдсан байсан. Мөн 40 гаруй мянган адууны ширийг угааж ангилсан. Үүнээс 15 гаруй мянган адууны ширийг экспортлоод байна
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар эхэллээ
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлын эхний шат буюу төслийг хүлээн авах ажил орон даяар явагдаж байна. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлийн өргөдөл, тэдгээрийн боловсруулсан төслийн баримт бичгийг хүлээн авах ажиллагаа орон даяар 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 6 дугаар сарын 10-ны 17 цаг 30 минут хүртэл явагдана.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод ЖДҮХСан, ХУД-н ЖДҮДТөв, СХД-н ЖДҮДТөв гэсэн гурван байршилд төсөл хүлээн авч байгаа бөгөөд төсөл хүлээн авч эхэлснээс хойш 2 хоногт 26 төсөл хүлээн авч, 240 орчим иргэдэд төсөлд тавигдах шаардлага, жижиг дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх, төслийн иж бүрдэл хангах, төсөл хэрхэн боловсруулах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна.
Цаашид төсөл ирүүлэгч иргэн, аж ахуйн нэгж нь ирүүлж буй төслийн иж бүрдэлийг нэг бүрчлэн хангах, төсөл боловсруулахдаа шинээр батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу тавигдах шаардлагуудыг бүрэн хангасан, Засгийн газрын 190 дүгээр тогтоолоор батлагдсан жижиг дунд үйлдвэрийн дэмжих тэргүүлэх салбар, чиглэлд нийцсэн төслийг битүүмжилэн ирүүлэхэд сайтар анхаарах нь зүйтэй байна.
Олон нийтийн оролцоог тэгш хүртээмжтэй хангах, төсөл сонгон шалгаруулах үйл явцыг ил тод нээлттэй зохион байгуулахаар төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоосон.



