Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг Өвөрхангай аймагт зохион байгуулав
Үндэсний хөгжлийн газрын СХБЗГ-ын дарга Д.Эрдэнэбаяр нээлтийн үгэндээ Өвөрхангай аймгийн нийт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарт хандан Даяаршлын энэ цаг үед дэлхийн улсууд, түүний дотор хоёр хөрш орны геополитик, гео эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөж улс үндэстэн дамнасан томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн бүс нутгийн эдийн засгийн интеграц, худалдаа хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. Монгол Улс ч гэсэн энэхүү улс үндэстэн дамнасан төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, олон салбар чиглэлийн хүрээнд Дэлхийн улсуудтай хамтран ажиллах бүрэн боломжтой бөгөөд энэхүү боломжийг хэрхэн ашиглаж, хамтран ажиллах үндсэн чиглэлийг “Бүсчилсэн хөгжлийн бодлого” тодорхойлно гэдгийг онцлон хэлсэн юм.
Хэлэлцүүлгийг 2 салбар хуралдаанаар зохион байгуулсан бөгөөд Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахад аймаг, сум хэрхэн оролцож санал боловсруулан ирүүлэх талаар чиглэл өгсөн бөгөөд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн 17 салбарын судалгааны эхний тайлангийн танилцуулгыг хийж, хэлэлцүүлэг зохион байгуулан орон нутгийн удирдлага, иргэд, аж ахуй эрхлэгчид болон хөгжлийн бодлого төлөвлөгчдийн саналыг сонслоо.
Эхний салбар хуралдаанаар өрнүүлсэн хэлэлцүүлгийн үр дүнд:
Өвөрхангай аймаг нь хүн амын тоо болон малын тоо толгойгоор улсдаа тэргүүлж байгаа бөгөөд энэ давуу талдаа түшиглэн ХАА-н гаралтай түүхий эд боловсруулах бүс нутгийн төв болгон хөгжүүлэх, аймаг, сумд бүс нутгийн хэмжээнд хөгжих тэргүүлэх чиглэлийг нарийн тодорхойлж хөрөнгө оруулалтаа шийдэх, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлт, шинэчлэлийг эргэн харах боломжтой хэмээн дээрх саналуудыг дэвшүүлсэн юм.
Мөн цаашдаа Түүх соёлын аялал жуулчлалд тулгуурласан босоо тэнхлэгийн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, хойд урд хөршийн аялагчдын дамжин өнгөрөх бүс нутаг болгон хөгжүүлэх санал дэвшүүлсэн, тэр дундаа Өвөрхангай аймгийн Бүрд сумыг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх:
– Их Монгол уул, Их Монгол элс, Өндөр гэгээний дурсгалт газруудаар аялал жуулчлалын чиглэл гаргах.
– Бүрд сумын төвийг Монгол үндэсний онцлогийг тусгасан барилга, байгууламжаар тохижуулах,
– Монгол Улсын төв цэг дээр бүх аймгийн онцлогийг харуулсан аялал жуулчлалын музей байгуулах зэрэг саналууд гарлаа.
Хоёрдугаар салбар хуралдаанаар өрнүүлсэн хэлэлцүүлгийн үр дүнд:
Одоо ажиллаж буй ноосны үйлдвэрт тулгуурлан баруун болон хангайн бүсийн мал аж ахуй түүхий эдийг боловсруулж, зах зээлд нийлүүлэх бодлогыг бодлогын баримт бичигт тусгуулах, Бүс нутгийн тээвэр ложистикийн салбарыг хөгжүүлэх, нүүдлийн соёл иргэншлийг хадгалах үүднээс малын бэлчээрийн маргаантай асуудлыг зохистойгоор шийдэх гэсэн саналыг тавьсан.
Түүнчлэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нүүрсний уурхайг түшиглэн Шивээхүрэн-Шинэжинстийг холбосон авто замаас Арвайхээр хүртэл, Цагаандэл-Даланзадгад хүртэл тавигдах замд түшиглэн Даланзадгад-Арвайхээрийн зам тавьж урд хөршийн зах зээлтэй холбогдох нэн түрүүнд санаачлан хийх ажлууд гэдгээ онцлон хэлж байсан юм.