НийгэмЭнэ сард

“Хөдөө аж ахуйн зохистой дадал” нэвтрүүлснийг гэрчлэх “лого” бүтээх уралдаан зарлалаа

Дэлхийн улс орнууд ялангуяа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад газар тариалангийн үйлдвэрлэл, түүн дотор жимс, хүнсний ногооны анхан шатны үйлдвэрлэлд “Хөдөө аж ахуйн зохистой дадал” нэвтрүүлэх замаар ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангуулж байна.

Хөдөө аж ахуйн зохистой дадал нь хүнсний аюулгүй байдлыг хангах дадал, байгаль орчныг хамгаалах дадал, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн халамжийг сайжруулах дадал, бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэх дадал, нийтлэг дадал гэсэн 5 үндсэн хэсгээс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, тариалалтаас өмнөх, тариалалтын үе, ургамал ургалтын үе, ургац хураалт, хадгалалт, савлалт, тээвэрлэлт зэрэг хүнсний анхан шатны үйлдвэрлэлийн үе шат бүрт технологи, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн дэглэм, ажиллагсад болон ажлын байранд тавигддаг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаж ажиллах дадлыг бий болгох юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 онд 21 аймаг, нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж буй талбайн 30 хувь буюу 8273 га, хүлэмжийн 30 хувь буюу 23 га талбайг хамруулан тандан судлах хяналт, шалгалт хийжээ. Уг хяналт, шалгалтад хамруулсан талбайн 38,7 хувь буюу 3700 га талбайд хөнөөлт организм-ургамлын өвчин, хортон шавж, хог ургамал тархсан, энэ тухай тариалан эрхлэгчид мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлээгүй зөрчил илэрчээ.

Уг хяналт шалгалтад хамрагдсан, нийтийн хэрэгцээнд хүнсний ногоо, жимс жимсгэнэ нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн 71 хувь нь талбайн түүхийн дэвтэргүй, талбайн түүхийн дэвтрийг үнэн зөв бөглөдөггүй дутагдал гарсан байна. Нөгөө талаас дийлэнх тариаланчид ургамал хамгааллын цогц аргыг хэрэглэдэггүй, энэ талаар мэдлэг мэдээлэл, дадал дутмаг, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг мөрдөж ажилладаггүй, тэдгээрийн гарал үүслийн талаар бүртгэл хөтөлдөггүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаггүй зэрэг нь эрүүл, аюулгүй хүнсний ногоо үйлдвэрлэдэг эсэхэд эргэлзэх байдал үүсгэж байгаа юм.

Энэ ч үүднээс хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл, тэр дундаа газар тариалангийн салбарт хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, зохистой дадлыг нэвтрүүлэх нь нэн тэргүүний зорилт болж байна. Үүнд чиглэсэн УИХ, Засгийн газраас баталсан хууль тогтоомж, стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, тариаланчдыг зохистой дадал нэвтрүүлэх, баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэхээр салбарын төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслүүд хамтран идэвх санаачилгатай ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан “хөдөө аж ахуйн зохистой дадал” нэвтрүүлснийг гэрчлэх тэмдэг /“Mon GAP”/-ийн загварын уралдаан зарлаж байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ” НЭВТРҮҮЛСНИЙГ ГЭРЧЛЭХ ТЭМДЭГ

/“MON GAP”/ БҮТЭЭХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго:

“Хөдөө аж ахуйн зохистой дадал” нэвтрүүлснийг гэрчлэх тэмдэг /“Mon GAP”/-ийг бүтээх, олон нийтэд хоногшуулах зорилготой.

Хугацаа:

2019 оны 04 дүгээр сарын 22-ноос 05 дугаар сарын 22-ны өдөр

Хамрах хүрээ:

Загвар, дизайн, зургийн бүх мэргэжлийн уран бүтээлчид, сонирхогчид оролцох боломжтой. Нэг уран бүтээлч дизайны хэдэн ч шийдэлтэй оролцож болно.

Бүтээлд тавигдах шаардлага:

  1. “Хөдөө аж ахуйн зохистой дадал” нэвтрүүлснийг гэрчлэх тэмдэг /“Mon GAP”/-нь дээр дурдсан зорилго, үйл ажиллагаатай нийцсэн байх;
  2. Шинэ санаа, санаачилга дэвшүүлсэн, сэтгэлгээний өндөр төвшинд хийгдсэн байх;
  3. “Хөдөө аж ахуйн зохистой дадал” нэвтрүүлснийг гэрчлэх тэмдэг /“Mon GAP”/- утга санааг бэлгэдсэн дөрвөөс дээшгүй элемент агуулсан, гурваас ихгүй өнгө хосолсон, энгийн өгүүлэмжтэй, уран сайхны хувьд төгс байх;
  4. “Mон GAP” гэж бичигдсэн байх;
  5. Adobe Photoshop, Corel Draw, In Design зэрэг мэргэжлийн программ ашигласан байх;
  6. Видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, зурагт хуудас, даавуун болон бусад материал дээр хэвлэгдэх боломжтой байх;
  7. Гэрчлэх тэмдэг нь өндөр нягтралтай /300dpi-аас багагүй/ байх бөгөөд жижгээс том хүртэл хувиргахад харьцаа алдагдахгүй, үндсэн элементүүд тод харагдахаар зохиогдсон байх;
  8. Оюуны өмчийн газарт гэрчлэх тэмдгээр бүртгүүлэхэд тавигдах шаардлагын дагуу боловсруулсан байх;
  9. Бусдын бүтээлээс хуулбарласан, санаа авсан, тэдгээрийн элемент агуулсан бол хүлээн авахгүй.

Уралдаанд бүтээл ирүүлэх:

Уралдаанд оролцогч нь бүтээлээ JPEG; PNG; SVG; EPS өргөтгөлөөр буулгаж, утга санаа, тайлбарын хамт bazarragchaau@yahoo.com хаягаар дээр дурдсан хугацаанд багтаан ирүүлнэ үү.

Шалгаруулах:

Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан шалгаруулж, www.mofa.gov.mn хуудсаар нийтэд зарлана. Шалгарсан бүтээл нь тус яамны өмч болно.

Шагнал: Тэргүүн байр 800 000 төгрөг

Холбоо барих утас: 51-260709, 99049885

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close