Үндэсний уран бүтээлүүд үнэт өв болон хадгалагдана
Монгол үндэсний уран бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгох, урын сан хөмрөгт хадгалан үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий хамтын ажиллагааны гэрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц нар гарын үсэг зурлаа.
УИХ-аас баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д Үндэсний түүх, хэл соёл, шашин, зан заншил, уламжлалаа таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн болохыг тунхагласан байдаг.
Түүнчлэн Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Засгийн газраас баталсан “Монгол уран бүтээл” хөтөлбөр, “Телевиз радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл” хөтөлбөрүүдэд Үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах,түгээн дэлгэрүүлэх, Монгол соёлын нөлөөллийг өргөжүүлж давтагдашгүй чанарыг баталгаажуулан хадгалах, өвлүүлэн үлдээх тухай заасан.
Даяаршлын өнөө үед сошиал медиа, телевизийн салбар дах соёлын өрсөлдөөн идэвхжиж, иргэд олон нийт боломжит бүх сувгаар нээлттэй мэдээллийг хүлээн авч байгаа хэдий ч үндэсний өвөрмөц төрх, ялгарах байдал, уламжлалт ёс заншлыг хадгалсан, монголын түүх, соёлын холбогдолтой бүтээл, бүтээгдэхүүний эзлэх хувь бага байгаа нь нууц биш юм.
Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар санаачлан МҮОНТВ–тэй хамтран Монгол уран бүтээлчдийнхээ ур ухаанаар бүтсэн хосгүй үнэт бүтээлийг үзэгч түмэндээ хүргэж, үр хойчдоо үнэт өв болгон үлдээх зорилгоор энэхүү гэрээг үзэглэсэн юм.
Тун удахгүй таны гэрийн хойморт мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид зочилж үндэсний дуурь, балет, хүүхэлдэйн жүжиг, ардын урлаг, драмын жүжиг, морин хуурын чуулгын тоглолт, симфони найрал хөгжмийг толилуулах болно.