Х.Бадамсүрэнг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томиллоо


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгон өөрчилж, дүрмийг нь баталсан бөгөөд Х.Бадамсүрэн ерөнхий захирлын албан тушаалдаа хэвээр үлдэж байна.
Тэрбээр 2016 оны 12 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа ба уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй. “Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр”-т Захирлын нэгдүгээр орлогч, “Монголросцветмет нэгдэл”-д Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албыг хашиж байсан билээ.
“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



