Фристайлын тамирчин С.Тэмүүлэн: Фристайл нь эрсдэлтэй, экстрим талдаа спорт юм
Дэлхийн оюутан тамирчдын өвлийн Универсиад XXIX наадам эхлэх мөч ойртсоор байна. ОХУ-ын Красноярск хот 2013 онд дэлхийн оюутны өвлийн Универсиад XXIX наадмыг зохион байгуулах эрхийг албан ёсоор авсан бөгөөд ирэх сарын 02-ний өдөр нээлтээ хийж, спортын 11 төрлөөр шилдгүүдээ тодруулна.
Энэ наадамд спортын 5 төрөлд Монгол Улсаас 13 тамирчин өрсөлдөхөөр тус тусынхаа бэлтгэл цугларалтад гарсан байна. Бид энэ удаад тус наадмын фристайл төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөх Сумъяасүрэнгийн Тэмүүлэнтэй ярилцлаа. Энэ төрөлд манай улсаас С.Тэмүүлэн, Г.Буянт нар оролцох юм.
-Дэлхийн оюутны өвлийн Универсиад XXIX наадам эхлэхэд ердөө 15 өдөр үлдээд байна. Өвлийн “Бага олимп” хэмээн яригддаг энэ наадамд фристайлд Монгол улсаас анх удаа 2 тамирчин өрсөлдөх гэж байна. Бэлтгэл сургуулилт хэр байна даа?
-Бэлтгэл сургуулилт сайн байгаа. Би дэлхийн оюутны универсиад наадамд анх удаа өрсөлдөх гэж байна. Гэхдээ фристайлын төрөлд өмнө нь Азийн наадам, чансаа буюу оноо олгох Азийн цомын тэмцээнүүдэд өрсөлдөж байсан. Мэдээж дэлхийн шилдэг оюутан тамирчид универсиад наадамд өрсөлддөг учраас өрслдөөн нэлээд ширүүхэн болно байхаа.
-Манай улсаас 2 тамирчин универсиадын фристайлд өрсөлдөнө гэсэн. Бэлтгэлээ баг тамирчид хаана хангаж байна вэ?
-Г.Буянт бид хоёр бэлтгэл сургуулилтаа Скай резорт цанын баазад хийж байгаа. Багийн ахлагчаар миний бие ажиллаж байна. Багш дасгалжуулагч маань одоогийн байдлаар ОХУ-ын Сахалин муж руу “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадамд очиж ажиллаж байна. Бидний бэлтгэл сургуулилт дажгүй байгаа. Гэхдээ бусад орны тамирчдыг бодвол бид хичээлдээ яваад бүх л ажлаа амжуулахын зэрэгцээ бэлтгэлээ таслахгүй хийж байна. Гэтэл бусад орны тамирчид хоногийн 24 цагийн турш бэлтгэлээ хийдэг. Гэсэн хэдий ч бид бусад орны тамирчдаас дутахгүй тэмцээндээ бүх хүчээ дайчлан өрсөлдөнө гэдэгтээ итгэлтэй байна.
-Фристайл нь эрсдэлтэй хийгээд маш сонирхолтой спорт. Дотроо хэд хэдэн төрөл болон задардаг. Г.Буянт та хоёрын хувьд ямар төрөлд өрсөлдөх вэ?
-Г.Буянт болохоор alpine буюу туг сүлжих /илүү хурдтай/ төрөлд өрсөлдөнө. Энэ нь жиант слалом төрөл хэмээн яригддаг. Миний хувьд ski cross гэдэг төрөлд өрсөлдөх юм. Энэ нь 4 тамирчин гараанаас зэрэг гараад бартаан дунд явдаг учраас нэлээд эрсдэлтэй, экстрим талдаа төрөл байдаг. Мөн mogul буюу довцог болгон зассан зам дотор явж байгаад барианд ордог. Эдгээр бартаа саад нь тамирчин хүнээс хамгийн өндөр түвшинд ур чадвар, бэлтгэл сургуулилт шаардсан төрөл юм. Тиймээс бид ухаанаа зөв ажиллуулан өөрийн гэсэн техник тактиктай уралддаг. Багш дасгалжуулагчийнхаа зааж зөвлөснийг ч бэлтгэл сургуулилтандаа тусган голлон анхаарч ажилладаг.
-7 хоногийн хэдэн өдөр бэлтгэлээ хийж байна?
-Бид 7 хоногт 2 өдөр бэлтгэлээ хийж байгаа. Хэдийгээр манай улсад цас бага орсон ч Скай резортод бүх л нөөц бололцоогоо ашиглан бэлтгэлээ хийж байна.
-Бусад орны тамирчдын бэлтгэл сургуулилтын бичлэгийг үзэх, өөрсдийн бэлтгэлдээ тэндээс тусгаж авах зүйлүүд байна уу. Мөн бэлтгэлдээ уралдааны техник тактикийг хэрхэн сайжруулан ажиллаж байгаа вэ?
-Яг өнөөдрийн байдлаар freestyle ski, alpine ski гэсэн төрлүүдийн ДАШТ болж байгаа учраас энэ тэмцээнүүдийг үзээд хэрэгтэй гэсэн зүйлүүдийг авч судалж байна. Дэлхийн бүх л шилдгүүд ДАШТ-д өрсөлдөж байгаа учраас бүх л тэмцээнийг үзэж сонирхож байна. Манай дасгалжуулагчаар Чагнаа багш ажиллаж байна.
-Энэ спортын төрлөөр хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?
-Би энэ төрлөөр хичээллээд 10 жил болж байна. Дунд нь бэртэл аваад хэсэг хугацаанд завсарласан. Фристайлаар хичээллэж байхад тамирчин хүн бэртэл гэмтэл авахаас үргэлж сэргийлдэг хэдий ч энэ “аюулт дайсан” хэлж ирэх бишдээ. Гэхдээ одоо универсиад наадамд анх удаа оролцох гэж байгаадаа маш их баяртай байна. Бүх л хүчээ дайчлан өрсөлдөх болно. Фристайл нь эрсдэлтэй хэдий ч үнэхээр гайхалтай, кайфыг мэдрүүлж чаддаг гоё спорт юм.
-Манай улсаас энэ удаагийн наадамд өрсөлдөх баг тамирчдыг Монголын Оюутны Спортын холбооноос нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа гэсэн. Энэ удаад өргөн бүрэлдэхүүнтэй баг илгээхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа учраас тамирчин дасгалжуулагч нар дор бүрнээ хичээх бизээ.
-Юуны өмнө Монголын Оюутны Спортын Холбооны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан болон холбооны хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Биднийг дотоодын болон Олон улсын тэмцээн уралдаанд зөвлөгөө заавар өгч, мэдээ мэдээллээр сайтар ханган маш сайн ажилладаг. Мөн багш дасгалжуулагчдаа баярлалаа. Энэ удаагийн дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх Монголын баг тамирчиддаа өндөр амжилтыг хүсэн ерөөе.
-Дэлхийн оюутны өвлийн универсиадад эх орноо төлөөлөн өрсөлдөх баг тамирчдад амжилт хүсье. Зорьсон зорилгоо биелүүлээд амжилт дүүрэн оролцоорой.
-Тэмүүлэн: Баярлалаа. Хичээх болно оо.