Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад байна. Уг төсөлдөө санал авахаар Засгийн газар хандсан бөгөөд Засгийн газар өчигдөр буюу энэ сарын 03-нд ээлжит бусаар хуралдаж уг хуулийн төслийг нь дэмжихээ илэрхийлсэн юм. Энэ хуулийн төсөл нь “УИХ-ын даргыг огцруулах асуудлаар нийт гишүүдийн олонх нь санал гаргасан тохиолдолд УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн заалттай юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үдээс хойш энэхүү төслөө УИХ-д өргөн барих гэсэн боловч хүлээж авахаас татгалзжээ. Учир нь, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хууль санаачлагч төслөө 30 хоногийн турш цахим хуудсанд байршуулж олон нийтийн саналыг авах ёстой. Гэвч Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл энэхүү шаардлагыг хангаагүй учраас хүлээж авсангүй. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тайлбар хийсэн юм.
Ерөнхийлөгчийн үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаараа энэхүү хуулийн төслийг санаачилжээ. Нөгөөтэйгүүр сүүлийн нэг сар УИХ-ын даргыг огцруулах асуудлыг олон нийт хэлэлцсэн учраас Хууль тогтоомжийн тухай хуулийн дээрх шаардлагыг хангасан гэж үзэж байгаа ажээ. Тиймээс энэхүү тайлбаруудаа бичээд өнөөдөр төслөө өргөн барина гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэллээ.