“Хөөрхөн зүрхнүүдийн өдөр”
Хүйтэн жавар хацар хайравч, мөсөн хотхонд өвлийн өвгөн ааваас бэлэг авах сайхан мөчийг эвдэж чадахгүй. Гоё музей үзэж, үеийнхээ найзуудтай хамт баярлахад хүйтэн бол юу ч биш хэмээн хүүхдүүд хэлж байна. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр Монгол-Японы соёл боловсролын харилцааны нийгэмлэгийн дэргэдэх Кацүжи хүүхдийн төв, ЧД-ийн Халамж үйлчилгээний Гэр цогцолбор, ЧД-ийн Гэгээлэн төв, ЧД-ийн Албан бус сургалтын төвийн хүүхдүүд Үлэг гүрвэлийн төв музейд зочилж, Тусгаар тогтнолын талбайд өвлийн өвөөгөөс шинэ оны бэлэг гардан авсан юм.
Чингэлтэй дүүргийн Улаан Загалмайн Хороо, Монгол-Японы соёл боловсролын харилцааны нийгэмлэгийн дэргэдэх Кацүжи хүүхдийн төв, Үлэг гүрвэлийн төв музейн хамт олон 100 гаруй хүүхэд багачуудыг баярлуулах энэхүү баярыг зохион байгуулсан юм. Тэдэнд Өсвөрийн улаан загалмайн гишүүн хүүхдүүд тусалж, үе тэнгийн найз нараа, өхөөрдөм хөөрхөн дүү нараа баярлуулж, ая дуугаа өргөн барьж, хамтдаа нэг өдрийг өнгөрүүлсэн билээ.
МУЗН- ийн Хүүхэд Залуучуудын Хөдөлгөөний өдрийг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү баяраар хүүхэд хүүхдээ баярлуулж, бие биедээ урам хайрласан “Хөөрхөн зүрхнүүд”-ийн өдөр байж чадсан билээ.
Монгол-Японы соёл боловсролын харилцааны нийгэмлэгийн дэргэдэх Кацүжи хүүхдийн төвийн тэргүүн н.Ганбаатар:
Манай төв Орбитын гэр хороололд амьдардаг хүүхдүүдийг хичээлээ тараад хичээлээ хийх, тоглох боломжийг бүрдүүлж, энэ чиглэлэээр үйл ажиллагаа явуулаад 5 жил болж байна. Гэр хороололд хичээлийн бус цагаар хүүхдүүдийг хэн ч анхаарахгүй байна. Ер нь Монгол Улсад хичээлийн бус цагаар цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч байгаа юм алга. Бүх юм мөнгө болсон. Харин манай төвд үнэ төлбөргүй зааланд тоглож, хичээлээ хийж чаддаг.
Бидний зохион байгуулсан баярын арга хэмжээг Монгол Японы соёл боловсролын төвөөс дэмжиж, сайхан сэтгэлт хүмүүсээс хандив цуглуулсан. Японоос бэлэг ирсэн. Хүүхдүүддээ хоол унд, торт бэлдэж, нэг өдрийг мартагдашгүй сайхнаар өнгөрүүлэхийг хүссэн ажил маань амжилттай боллоо хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа.
Үлэг гүрвэлийн төв музейн Бүртгэл мэдээлэл сан хөмрөг арга зүйн албаны дарга П.Дэлгэржаргал:
Үлэг гүрвэлийн төв музейн хамт олон Монгол-Японы соёл боловсролын харилцааны нийгэмлэгийн дэргэдэх Кацүжи хүүхдийн төв, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн нийгэмлэг хамтраад нийгмийн сайн сайханд чиглэсэн ажлыг хийлээ. 110 хүүхдийг хүлээн авч, музей үзүүлж, баярын арга хэмжээг зохион байгуулсандаа баяртай байна. Манай үлэг гүрвэлийн төв музей 5 жилийн ойн хүрээнд боловсролын хөтөлбөрүүдийг хүүхдүүдэд хүргэж байгаа. Энэ хүрээнд “Хөөрхөн зүрхнүүдийн баяр” тэмдэглэлээ. Манай музейн тайлбарлагч нар 110 хүүхдийг 8 бүлэгт хуваан үзмэрүүдийг бүгдийг нь тайлбарлаж үзүүллээ. Хүүхэд бүхэн баярлаж, нүд нь гэрэлтэй, сэтгэл нь цагаан, аз жаргал дүүрэн байхыг хүсэн ерөөе. Гадаа хүйтэн ч хүн бүхний зүрх сэтгэл халуун байлаа. Олон хөөрхөн зүрхнүүдийн нүд гэрэлтэй, инээмсэглэл тодорсон байхыг харах сайхан юм байна.
Чингэлтэй дүүргийн Улаан Загалмайн хорооны дарга н. Ганчимэг:
Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо, Монгол-Японы соёл боловсролын харилцааны нийгэмлэгийн дэргэдэх Кацүжи хүүхдийн төв, Үлэг гүрвэлийн төв музейтэй хамтран хүүхдүүдийн сэтгэлд хүрсэн сайхан өдөр болгон баярлуулах зорилгоор урлагийн номер үзүүлж, бэлэг өглөө, дурсгалын зураг татууллаа. Манай Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хорооны дэргэдэх Гэр төвд 10 гаруй өрхийн 50 гаруй хүн амьдардаг. Тэр айлууды 30 гаруй хүүхэд оролцлоо. Мөн манай дүүргийн Өсвөрийн улаан загалмайн төвийн 30 гаруй хүүхэд бидэнтэй хамтран үе тэнгийн болон дүү нарыгаа баярлуулж байгаа нь үнэхээр сайхан байна.
Өсвөрийн Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн:
Намайг Болорсайхан гэдэг. Би 50 дугаар сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг. Өсвөрийн улаан загалмайн нийгэмлэгийн гишүүд бид “Хөөрхөн зүрхнүүд” нэртэй хүүхдүүдийн шинэ жилийн өдөрлөгт оролцлоо. Өсвөр насны хүүхдүүд ч гэсэн нийгэмдээ өрийн гэсэн хувь нэмрээ оруулж чаддаг гэдгээ харуулж энэхүү ажилд туслалаа. Хөөрхөн хүүхдүүдтэй тоглоод, тэдэнд туслаад гоё байна. Миний хувьд анх удаа ийм ажилд оролцож байна. Анх хүүхдүүдэд туслана гэхэд ийм олон хүүхэд байна гэж бодоогүй. Яана аа, олон хүүхэд бишүүрхэх байх гэж санаа зовж байсан ч дүү нар маань маш хөөрхөн чин сэтгэлээсээ, харьцахад ч гоё байлаа. Их өхөөрдөм юм байна. Үе тэнгийн өсвөр насны хүүхдүүдээ хэлэхэд бид хэдий хүүхэд, ээж аавынхаа хайр халамжинд байдаг ч гэсэн манай Улаан загалмайн нийгэмлэгийн хүүхдүүд шиг хоорондоо нөхөрлөөд нийгэмдээ хэрэгтэй ямар нэгэн ажил хийгээсэй гэж хүсэж байна.
“Хөөрхөн зүрхнүүд” баярт оролцсон багачуудын төлөөлөл:
Намайг Б.Хөхтөмөр гэдэг. Би 123 дугаар сургуульд сурдаг. Үнэхээр гоё өдөр байлаа. Үлэг гүрвэлийн музейг үзэх их гоё санагдлаа.
Гар утсандаа зөндөө олон гоё зураг дарж авсан. Дараа нь ангийнхаа хүүхдүүддээ үзүүлэх гэж байгаа юм.
Дэлхий 4 тэрбум гаруй жилийн настайг мэдэж авлаа. Хариад утсан дээрээсээ илүү тухтай тайлбарууудыг нь уншина.
Гадаа хүйтэн байсан ч гоё юм үзэж байхад даарах бол юу ч биш санагдаж байна.
Баярлалаа ах эгч нараа.
П.Нарандэлгэр
Нийгмийн сайн сайхны төлөө хийж буй бүхэнд нь баярлалаа. Ажилд нь амжилт хүсье