

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Гэрэлтэй хот” аяныг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулж, хотын томоохон 21 барилга байгууламжийн фасадыг гэрэлтүүлж, гэр хороолол болон орон сууцны хороолол дунд эзэнгүй орхигдсон, асахгүй байгаа 2622 гэрэлтүүлэг, 70 гаруй цахилгаан шугамыг засварлаад байна. Мөн 460 орчим гэрэлтүүлэг засвар шинэчлэлтээр 970 орчим гэрэлтүүлгүүдийг бүрэн засварлах ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Дээрх ажлуудыг Монголын гэрэлтүүлгийн холбооны дэргэдэх байгууллагууд болон хотын гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцан ажилладаг мэргэжлийн байгууллагуудаар хуулийн хүрээнд гүйцэтгүүлж байгаа аж. Эдгээр байгууллагууд нь цаашид өөрсдийн хөрөнгөөр гурван жилийн турш засвар үйлчилгээгээ тогтмол хариуцан ажиллахаар гэрээлжээ.
Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар захын гэр хорооллууд болон орон сууцны хорооллуудыг гэрэлтүүлгийг засварлах ажил давхар эхлүүлсэн. Энэ онд шинээр 467 гэрэлтүүлгийг хийж, 944 гэрэлтүүлгийг засварлаж 14200м.кв кабель шугам шинэчилж нийт 108 байршилд 1411 гэрэглтүүлгийн асалтын бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаад байна гэж Улаанбаатар хотын захирагчын ажлын албанаас мэдээлэв.




