

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус V хуралдаан өнөөдөр 09.30 цагт эхлэх ёстой байсан ч ирц нь хүрэхгүйтэй холбоотойгоор одоог хүртэл хуралдаагүй байна. Өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын энэ сарын 12-ны өдөр Нийслэлийн ИТХ-д ирүүлсэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг хэлэлцэх ёстой байсан юм.
Гэвч Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн ирц хүрээгүй учрааас хуралдааныг үдээс хойш болтол хойшлууллаа. НИТХ нь нийт 45 төлөөлөгчтэй ч яг одоо 21 нь ирсэн байгаа юм. Төлөөлөгчдийн ирц 50 хувьд хүрч байж, хотын дарга С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх боломжтой болох юм.



