Төрөөс төрсөн тэрбумтнууд: Д.Хаянхярваа худтайгаа нийлж, ХХААХҮЯ-аас дэмжлэг авчээ
МАН‑ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа сүүлийн хэд хоногт энхийн цагаан тагтаа болон мандаад буй. Тэрбээр ЖДҮ‑тэй тэмцэхээ илэрхийлэн Засгийн газрыг унагах бичиг санаачлан гүйж яваа. Мөн УИХ‑ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэн хариугаа хүлээж буйгаа зарласан. Энэхүү шаардлагынхаа 1‑рт ЖДҮХС‑гаас өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид зээл авч өгсөн, зуучилж нэр холбогдсон нэр бүхий УИХ‑ын гишүүдийн ёс зүйн асуудлыг УИХ‑ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэн дүгнэлт гаргаж, ёс зүйн хариуцлага тооцно хэмээн томруулан цохон тэмдэглэжээ.
Тэгвэл Д.Хаянхярваа гишүүн худ ураг Р.Болорсайхантайгаа нийлэн байгуулсан “Газар‑Өгөөж” компани ХААХҮЯ‑наас Хүнсний улаан буудайн урамшууллаар 2017 онд 58.8 сая, 2018 онд 166.5 сая төгрөгийг тус тус авсан хэмээн зөвхөн эхний байдлаар шилэн дансаар нь гарч ирж байна.
Газар‑Өгөөж компани 2006 оны 06.13‑ны өдөр Р.Болорсайхан үүсгэн байгуулж. Ингээд жилийн дараа буюу 2007 оны 06.07‑ний өдөр Д.Хаянхярваа гишүүний эхнэр Ш.Оюун 50 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн байдаг. Ингээд арав орчим жил үйл ажиллагаа явуулсны эцэст Д.Хаянхярваагийн хүү Х.Амарсанаа Р.Болорсайханы охин Б.Занданбалтай сууснаар хэтэвч нэгтэй найзууд худ ураг бололцсон байдаг.
Иймээс 2016 оны 04.04‑ний өдөр Д.Хаянхярваа гишүүн эхнэр Ш.Оюуныг компанийн үүсгэн байгуулагядаас хасуулан улстөрчийн нөлөөллөөс төрөөс нөлөөлөх нөлөөллөө бүртгэлээр харагдуулахгүй байхаар нуун дарагдуулах гаргалгаагаа сэтгэсэн байгаа юм. Гэвч төрсөн хүү болон худ ургийнх нь нэр дээр байгаа компани “хамаарал бүхий” гэх ангилалд багтана гэдгийг эрхэм гишүүнтэн ухаараагүй нь харамсалтай. Одоо бол Газар‑Өгөөж компанийг Р.Болорсайхан дангаараа эзэмшихээр болсон тухай Улсын бүртгэлд бүртгэсэн мэдээлэл байгаа. Д.Хаянхярваа гишүүн ч 2016 оноос өмнөх хөрөнгө орлогын мэдүүлэгт бүртгүүлээд явсан байгааг та бүхэн хавсаргасан зургаас харж байна. Ингэхээр өөрийнхөө компанид 225.8 сая төгрөг хүнсний улаан буудайн урамшууллаар авсанаа арай “бага мөнгө яадаг юм” гэхгүй гэж найдъя. Ийм байхад Д.Хаянхярваа гишүүн өөрөө тавьсан шаардлагынхаа дагуу УИХ‑ын Ёс зүйн дэд хороогоор орох болзлыг хангачихсныг сануулъя.
Эх сурвалж: АТГ
Д.Хаянхярваа гишүүний эхнэр Ш.Оюун болон Р.Болорсайхан нарын Газар‑Өгөөж компанийн бүртгүүлсэн байдал
Д.ХАЯНХЯРВАА ХОРТ РАПС ААР БАЯЖСАН УУ?
Тус компани рапс тариалан урагшаа гаргаж Хятадтай хамтын ажиллагааг жинхэнэ цэцэглүүлсэн гэдгийг дарханчууд хэлцгээдэг. Өөрийн албан ёсны вэб хуудсан дээрээ ч Хао Тянь ХХК‑тай хамтран 2008 оноос эхлэн одоог хүртэл өөрсдийн тарьж ургуулсан рапс тосны ургамлыг БНХАУ руу экспортолж байгаагаа зарласан байна.
Хятадууд нэг тонн тутмыг 900 000 төгрөгөөр худалдан авдаг учраас буудай бус рапсыг тариалан эрхлэгчид ихээр тариалж, 100 хувь урагшаа гарган халаасаа зузаалахад улайраад буй талаар сүүлийн 10 гаруй жил мэргэжлийнхэн нь ярьж хэлсээр байгаа билээ. Рапс нь газрын хөрсний хамаг шимийг сордог учраас Хятадууд өөрийн хөрсөнд тариалахыг хүсдэггүй бөгөөд Монголын хөрсийг золиос болгон ийнхүү Д.Хаянхярваа гишүүн мэтийн эрх мэдэлтнүүдээр түрий барин их хэмжээгээр тариулдаг байна. Ийнхүү эрхэм гишүүн маань 2008 оноос Дарханы Засаг дарга байхаасаа тонн тутмыг 900 000 төгрөгөөр үнэлэгдэх рапс‑аар эх орныхоо хөрсийг “үхүүлэн” байж баяжсан түүхтэй ажээ.
ДАРХАНЫ ХАМГИЙН ТОМ БАРИЛГУУД Д.ХАЯНХЯРВАА ГИШҮҮНИЙХ
Дарханд “Хаянгийн барилга” нэртэй шил толь болсон өндөр барилга бий. Дарханыхан тус барилгын эзнийг эрхэм гишүүнээр нэрлэдэг. “Тохь цогцолбор” хэмээх энэхүү өндөр барилгыг Д.Хаянхярваа гишүүний хүү Амарсайхан хариуцан ажиллуулдаг.
А.ГАЛСАН