Монгол Улс Сагсан бөмбөгийн Олон улсын шүүгчтэй боллоо


Дэлхийн Оюутны лигийн Финалын тэмцээний үеэр ОУСБХ-ны Олон Улсын шүүгчийн эрх олгох “FIBA 21th Referee Course” зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү Олон Улсын шүүгчийн эрх олгох сургалтанд Монголын шүүгч Э. Энхбямба амжилттай оролцож, шалгалтаа өгөн тэнцэн ФИБА-гийн Олон улсын шүүгчийн эрхээ авлаа.
Манай шүүгч Э. Энхбямба энэ удаагийн эрх олгох сургалтыг шалгалтын оноогоор тэргүүлж #1 байраар шалгарсанд зохион байгуулагчид тусгайлан баяр хүргэж цэцгийн баглаа гардуулсан байна. Ийнхүү Монгол улсаас нэгэн Олон улсын шүүгч мэндэллээ. Э. Энхбямба олон улсын шүүгчийн сургалтыг тэргүүлсэн нь Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбооны шүүгчдийн ур чадвар олон улсын түвшинд байгааг харуулсан явдал болж байна.
Манай залуухан, шинэхэн Олон улсын шүүгч маань маргааш эхлэх Дэлхийн оюутны лигийн Финалыг удирдан явуулна. Нүд нь хурц, шүгэл нь шударга байж Монгол улсынхаа нэрийг улам өндөрт өргөхийг хүсэн ерөөе!
Шүүгчгүй сагсан бөмбөг гэж үгүй. Шүүгчдийнхээ боловсрол, хөгжил дэвшилд бид онцгой анхаарч ажилласаар ирсэн ба өнгөрсөн хугацаанд Олон улсын өндөр зэрэглэлийн шүүгчдийн 2 ч сургалтыг эх орондоо зохион байгуулан Монголын шүүгчид хамрагдан номын дуу сонсон хөгжсөн билээ.



