НийгэмХууль эрх зүй

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийлээ

С.Зоригийг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял авсан Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, өмгөөлөгч Г.Баянбилэг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

​Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн захиалгаар ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан мэтийн хүмүүсийн гүтгэлгээр хүүг минь хохироож байгааг эсэргүүцэж байна. Саяхан хүүтэйгээ уулзаад яаж дарамтлуулж байсныг нь сонсоод ирлээ. Миний хүүг баривчилж явсныхаа дараа тусгайлан бэлдсэн өрөөнд оруулаад Итгэл гэдэг хүнээр дарамтлуулсан байна. Ингэхдээ үсдэж, зодож, чихийг чинь огтолно, нүдийг чинь сохолно, энэ хэргийг хүлээхгүй бол чи гэртээ харихгүй хэмээн дарамталж байсан талаар хүү минь хэллээ. Ямар ч хэрэг хийгээгүй миний хүү хэлмэгдэж, гурван жил гаруй чанга дэглэмтэй хорих ангид хоригдлоо. Намайг хэвлэлийн хурал хийлээ гэж хүүг минь янз бүрээр хэлж, дарамт үзүүлбэл би тагнуул, шүүх, прокурор хэн байдаг юм тэр хүмүүсээс л хариуцлага нэхнэ шүү” хэмээсэн юм.

Өнгөрсөн хугацаанд Л.Жавзмаа гуай энэ хэргийн үнэн мөнийг шалгаж өгөөч хэмээн Ерөнхийлөгч, УИХ, хууль хяналтын байгууллагуудад 100 гаруй захиа бичжээ. Заримд захианд нь хариу ирсэн бөгөөд “хэргийг шалгаж байна, хүүг чинь шалгаж байгаа” гэсэн агуулгатай байдаг гэнэ. Ийм нөхцөлд байгаа учраас хэвлэлийнхэнд хандахаас өөр аргагүй байгаагаа Л.Жавзмаа гуай хэлэв.

Өмгөөлөгч Г.Баянбилэг “Хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа хэргийг илрүүлж, 20 жилийн дараа шүүхээр шийдлээ. Хэргийг шүүхээр шийдсэний дараа захиалагчийг хайж байгаа, захиалагчийг эрэн сурвалжлах чиглэлээр ажиллаж байна гэсэн мэдээлэл гарч байсан ч сүүлийн үед прокуророос хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа учир хааж байна гэх мэдээлэл өгөх болсон Ерөнхий прокурор хүртэл нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг дахин хянахгүй гэсэн агуулгатай зүйлийг УИХ дээр ярьсан.

Гэхдээ хуулийн дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүйг хэлмээр байна. Эрүүгийн хуулийн хулийн 10.1.2 дахь заалт буюу “хүнийг алах” гэх заалтаар ял шийтгэсэн. Энэ зүйл заалтаар 12-20 жил хорих эсвэл бүх насаар нь хорих ял оноодог. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд бүх насаар нь хорих ял эдлүүлэхээр заасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэсэн зохицуулалт байгаа” гэдгийг түүний өмгөөлөгч энэ үеэр онцолж байв.

 

 

 

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close