1.3 сая долларын хэрэгт цагдаагийн ажилтнууд холбоогүй гэв

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа сэжигтний гэрээс 1.3 сая ам.доллар хурааж авсан, мөн энэ их мөнгийг цагдаагийн эрх бүхий дарга нар болон ШШҮХ-ийн шинжээчидтэй холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл гарч байсан билээ. Тэгвэл дээрх асуултад ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өнөөдөр тайлбар хийлээ. Тэрбээр “АТГ-аас 1,3 сая ам доллартай холбоотой хэрэгт цагдаагийн албан тушаалтан холбогдолгүй гэж удаа дараа мэдээлсээр байтал цагдаагийн алба хаагчтай холбоотой мэтээр мэдээлэл тарааж байгаа сайтуудыг шалгуулна” гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Дээрх асуудалд АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг дараах тайлбарыг хэлсэн юм. Тэрээр “Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээчийг хуурамч дүгнэлт гаргасан гэх асуудлаар шалгаж байх явцад нэр бүхий энгийн иргэнээс бусдад хахууль өгсөн байж болох үйлдэл илэрсэн. Хахуулийн асуудлыг авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга ахлан шалгаж байгаа. Шалгах явцад дээрх нэр бүхий энгийн иргэнээс шинээр хээл хахуулийн үйлдлийг илрүүлж, 1.3 сая ам.долларыг хураан авсан. Одоо энэ хэргийг нарийвчлан шалгаж байна” гэж мэдээлсэн юм.



