
Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст өчигдөр “Нарны охид” төслийн нээлт болжээ. “Дэлхий монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ээс “Нарны охид” төслийг санаачлан хэрэгжүүлж Налайх дүүргээс төслийн гараагаа эхлүүлж байгаа нь энэ юм. Уг төслийн нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, “Нарны охид” төслийг санаачлагч “Дэлхийн монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Нямаа, “Нарны охид” төслийн элч дуучин Ж.Алтанцэцэг болон бусад төлөөлөгчид оролцсон байна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр “Нарны охид” төслийн гол зорилго бол нийгмийг цочроосон асуудлуудад анхаарлаа хандуулах, өсвөр насны охидыг хамгаалах, хөгжүүлэх, гэрэл гэгээтэй ирээдүйд тэмүүлэгч, Монголын ирээдүйн сайхан ээжүүд, ёс зүйтэй, хүмүүжилтэй, нийгэмд манлайлагч охидыг бэлтгэх зорилготой гэдгийг “Дэлхийн монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Нямаа олон нийтэд танилцуулжээ.
Охид руу чиглэсэн энэхүү төслийн хүрээнд Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн нэг өрөөг бүрэн засварлаж, тохижуулан хүлээлгэж өгсөн байна. Тус өрөөнд охидод хэрэгтэй бүх зүйл байх бөгөөд охид хүссэн үедээ сэтгэл зүйч болон эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө, сургалт авах боломжтой. Түүгээр зогсохгүй олон боломж нээлттэй гэдгээрээ өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байсан орон зайг дүүргэж чадахуйц төсөл болсон гэж үзэж байгаа аж.



