Улсын хэмжээнд ердийн хэрэглээний 37 хоногийн нөөцтэй байна гэж мэдээллээ


Шатахууны үнийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр болон тус газрын холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцож, дэлхийн газрын тосны үнийн мэдээлэл болон Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.
Манай улсын шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн америк доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт нь шатахууны үнэд нөлөөлж байна гэдгийг АМГТГ-аас мэдээллийн үеэр онцолж байв.
Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, “Роснефть” компаниас нийлүүлж буй үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас 2018 оны аравдугаар сард шатахууны хилл үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сарынхаас тонн тутамдаа 45-85 америк доллараар нэмэгдэж, Аи-92 автобензин 766 америк доллар/тн, дизелийн түлш 758 америк доллар/тн үнэтэйгээр нийлүүлжээ. Энэ сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Тухайлбал:
- А-80 автобензин 98
- Аи-92 автобензин 34
- Дизель түлш 33
- ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.



