7 хоногНийгэмНийслэлЭдийн засаг

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалт өндөрлөлөө

Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр-БОЭТТ” 11 дэх удаагийн олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 2- 5-ны өдрүүдэд “Тогтвортой хот байгуулалт, хот төлөвлөлтөд байгаль орчинд ээлтэй тээврийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Япон Улсын Байгаль орчны яам, НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын нийгэм, эдийн засгийн комисс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бүсийн хөгжлийн төв хамтран амжилттай зохион байгууллаа.

Хурлын үр дүн, ач холбогдлын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлог хэрэгжилт зохицуулах газрын дарга С.Батболд, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, нийслэлийн ЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав нар мэдээлэл өглөө.

Тус хурлын үеэр Азийн хотуудад тулгамдсан нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлууд, тухайлбал, замын ачаалал, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал, машины дуу чимээ, үүнээс үүдэлтэй эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, замын осол эндэгдэл зэрэг асуудлууд нь хотын тогтворгүй төлөвлөлт, бүтээн байгуулалттай шууд холбоотой болохыг тэмдэглэн, одоогийн дэд бүтэц, хотын бүтээн байгуулалтыг зорчигч, ачаа тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагатай хэрхэн зохистой уялдуулан хийх нь чухал болохыг хуралдаанд оролцогсод илүү их онцолж байв.

Монгол Улсад болсон энэхүү чуулга уулзалтын үндсэн хуралдааны үеэр 29 илтгэлүүд, хэлэлцүүлгийн хамт явагдаж, Монгол Улс болон бусад 19 улсууд “Бангкок тунхаглал -2020”-ын хэрэгжилтийн явцын тайлангаа тавьж, уг тунхаглалын дараагийн бичиг баримтад ямар баримт бичиг байх нь зүйтэй бөгөөд уг баримт бичигт ямар ямар асуудлыг тусгах нь зүйтэй талаар хэлэлцүүлэхэд төлөөлөгчид санал, бодлоо илэрхийлж оролцсон. Тухайлбал; Дэлхийн банк хотын нийтийн тээврийг хөгжүүлэх асуудлыг тусгах нь зүйтэй бөгөөд үүнд тус банкнаас санхүүжилтийн дэмжлэг илүү үзүүлэх тал дээр анхаарахаа илэрхийлж, дэд бүтцээ барихдаа эргээд нийгэм, эдийн засгийн үр ашгаа сайтар тооцож байхыг зөвлөв. Азийн хөгжлийн банк “Бангкок Тунхаглал-2020”-ын дараагийн залгамж бичигт аль салбарын асуудлыг илүү тусгахаа тодорхой болгохын зэрэгцээ, тухайн салбарын “хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, бодлогын орчныг сайжруулах” асуудлыг түлхүү тусгах нь зүйтэй бөгөөд энэ чиглэлд тус банкнаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой тухайгаа мөн илэрхийлэв.

Хуралдааны олон илтгэлүүд маш чухал чухал санаа, шийдлийг өгүүлсний дотор авто машины дэд бүтцийг шинээр барьснаар машины тоо улам нэмэгдэж, хотын замын ачаалал, агаарын бохирдлыг нэмэгдүүлэх, замын осол зэрэг сөрөг нөлөөтэй тул хөдөлгүүргүй тээврийн хэрэгслийн дэд бүтцийг бий болгох, нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, холболт, цагийн хуваарийн нарийн зохицуулалтыг хийх, хот дотор болон хот хооронд метро, төмөр замын тээврийн хэрэгслийг түлхүү ашиглахыг зөвлөж байлаа.

Ийнхүү Монгол Улсад болсон 11 дэх удаагийн энэ чуулга уулзалт нь дэлхийн, бүс нутгийн, үндэсний хэмжээнд дээр дурдсан байгаль орчин, хот байгуулалт, хот төлөвлөлт, зам тээврийн салбарын асуудлыг бусад салбарын асуудлуудтай нягт уялдуулан ярилцаж, санаа, шийдлээ хуваалцсан, арга зам, санхүүжилтийн нөөц боломжоо хэлэлцсэн том индэр нь болж, хурлын тэмдэглэлийг хэлэлцэн баталсан.

Энэ үеэр Азийн хотуудын дарга нарын хурал мөн зохион байгуулагдаж, хотуудад тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх боломж, нөөц, арга замаа хэлэлцэн “Киотогийн Тунхаглал”-д нэмэлт өөрчлөлт оруулан 12 хотын дарга нар үзэглэв.

Чуулга уулзалтаас дээрх бодлогын баримт бичгүүдийг гаргахын зэрэгцээ форумыг зохион байгуулснаар Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд түүний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй хэрэг юм.

Чуулганыг зохион байгуулснаар Монголын аялал жуулчлал, ёс заншил, түүх соёл, урлаг, үндэсний бүтээгдэхүүнийг сурталчлах боломж олдсон юм. НҮБ-ын Бүсийн хөгжлийн төв уг чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газрын байгууллагууд нягт хамтран “өндөр хэмжээнд сайн” зохион байгууллаа хэмээн үнэлэв.

 

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close