
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Швейцарийн баруун өмнөд нутагт орших Кранс-Монтана цанын баазын Le Constellation гэдэг бааранд шинэ жилийн шөнө гал гарсан байна. Шинэ жилийн үдэшлэгийн үеэр гарсан тус гал түймрийн улмаас 40 орчим хүн амиа алдаж , 115 орчим хүн гэмтсэн гэж цагдаагийнхан мэдэгдэв. Олон хүн сураггүй алга болсон бөгөөд тэдний дунд найзуудтайгаа шинэ жилээ тэмдэглэж байсан өсвөр насны хүүхэд ч багтжээ.

Швейцарийн хамгийн онцгой газруудын нэг болох Кранс-Монтана нь Маттерхорноос Монблан хүртэлх гайхалтай үзэмжээрээ алдартай бөгөөд Le Constellation бааранд гал гарах үед олон хүн хүндээр түлэгдсэн бол цогцос нь маш ихээр түлэгдсэн зарим хүний хэн болохыг нь таних боломжгүй байгаа аж.
Галд өртсөн хүмүүсийг тээвэрлэхээр 10 нисдэг тэрэг, түргэн тусламжийн 40 машин ажиллаж байгаа бөгөөд аврах ажиллагаанд 150 гаруй эмч нар, аврагчид оролцож байгаа тухай Швейцарын албаны хүмүүс мэдээллээ. Ойролцоох Вале муж улсын /кантон/ эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг галд нэрвэгдсэн хүмүүсээр дүүрэн байна.

Урьдчилсан мэдээллээр, пиротехникийн хэрэгслийг /салют/ буудуулах үед гал дэгдсэн бололтой, гэхдээ эцсийн дүгнэлтийг хийхэд эрт байна гэж Вале кантоны Ерөнхий прокурор Беатрис Пиллуд мэдэгдээд, үүнийг террорист халдлага хэмээн үзэх үндэслэл алга гэв. Баарны гэрэл зургийг харвал, дотор заслыг нь голдуу модоор хийсэн байна.
Швейцарын Ерөнхийлөгч Ги Пармелин шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх гэж байснаа цуцалж, хэргийн газарт яаравчлан очжээ. “Баяр хөөр авчрах ёстой тэр мөч эмгэнэлт явдал болон хувирсан нь улс орныг бүхэлд нь болон хилийн чанад дахь хүмүүсийг цочроолоо” хэмээн тэрбээр Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.


Эх сурвалж: CNN
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



