Б.Болдбаатар: Манай улс шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын хөтөлбөрийг батламжилсан гэрчилгээгээ авна

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Франц улсын Парис хотноо болж буй Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнуудын Дээд чуулганы талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатартай ярилцлаа.
–Энэ өдрүүдэд болж байгаа Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Дээд чуулганы онцлог, ач холбогдлын талаар та сонирхуулахгүй юу?
– Дэлхийн мал, амтны эрүүл мэндийн байгууллага/ДМАЭМБ/-ын гишүүн орнуудын Дээд чуулган жил бүрийн тавдугаар сард Парис хотноо зохион байгуулагддаг.
Чуулганд гишүүн орнуудын мал эмнэлгийн Ерөнхий эмч нар оролцож, халдварт өвчнөөр тайван байгаа улс орнууд болон халдварт өвчнөө хяналтдаа авсныг нь баталгаажуулах, халдварт өвчнүүдтэй тэмцэх бүс нутгийн бодлогыг тодорхойлох, стандарт заавар зөвлөмжүүдийг батлах гээд олон талын асуудлыг хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, ДМАЭМБ-аас гаргадаг Газрын амьтны эрүүл мэндийн кодекс.
Усны амьтны эрүүл мэндийн кодекс, Вакцин оношлууруудын эрүүл мэндийн гарын авлагууд гээд олон улсын түвшинд мөрдүүлэх стнадарт заавар зөвлөмжүүдийг ч уг чуулганаар шинэчилж баталдаг. Мөн дээр нь өвчингүй тайван болон халдварт өвчнөө хяналтдаа авсан орнуудыг албан ёсоорт баталгаажуулдаг.
–Манай улсын хувьд энэ удаа уг хуралд хэрхэн оролцож байна вэ. Тухайлбал, халдварт өвчнөөр тайван орон болохоо зарлах ч юм уу сайн мэдээ юу байх бол?
-Монгол Улсын хувьд энэ жил онцлогтой оролцож байгаа. 2021, 2022 онд Монгол Улсын хэмжээнд өргөн тархалттай байсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөө албан ёсоор хяналтдаа авсан гэдгээ баталгаажуулсан Хяналтын хөтөлбөрөө баталгаажуулсан сертификатаа гардаж авахаар байгаа. Түүнчлэн үхрийн цээж өвчнөөр байгалийн халдваргүй болсон гэсэн тайлангаа бас баталгаажуулж байгаа. Гэхдээ энэ жилдээ сертификатаа гардаж авахгүй.
Мөн энэ жилийн чуулганы бас нэг онцлог нь ДМАЭМБ-аас манай ХХААХҮ-ийн сайдыг нээлтийн үг хэлэх урилга өгсөн. Ж.Энхбаяр сайд маань ажилтай болоод явж чадаагүй. Сайдын зөвлөх чуулганы индрээс нээлтийн үг хэлж байгаа.
Монгол Улсын хувьд энэ жил нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй явсан. Зорилго нь аль болохоор махны экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ариун цэврийн нөхцөлүүдийг тохиролцох, урьдчилсан байдлаар уулзалтаа хийх, хэлэлцээр тохиролцох нөхцөлийг бүрдүүлэх гэх мэт ажлууд хийгдэж явдаг.
–Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын талаар товч мэдээлэл өгөх үү?
-Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага 1924 онд анх байгуулагдсан. Монгол Улсын мал эмнэлгийн байгууллагаас нэг жилийн хойно байгуулагдсан гэж хэлж болно. Өнгөрсөн жил 100 жилийн ойгоо хийсэн. 2004 оныг хүртэл Олон улсын халдварт өвчний товчоо нэртэй байсан. Одоо ДМАЭМБ гэсэн нэртэй болсон. 183 орон гишүүнчлэлтэй.
Монгол Улс 1989 онд гишүүнээр элссэн. НҮБ-ын дэргэд гурван байгууллага байдаг. Нэг нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нөгөө нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гээд бий. НҮБ-ын ХХААБ-ын дэргэд хоёр том байгууллага бий. Нэг нь Олон улсын ургамал хамгааллын конвенц. Нөгөө нь Олон улсын хүнсний эрх зүйн конвенц гээд байгууллага байдаг.
–Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн байхын давуу тал нь юу байдаг вэ?
-Чуулган дээр сонирхолтой уулзалтууд болж байдаг. Тухайн бүс нутгийн Малын ерөнхий эмч нартай уулзах, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортын харилцан ойлголцох санамж бичиг зурах, ариун цэврийн нөхцөлүүдээ тохиролцох боломжуудыг бүрдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, улс бүрийн Малын ерөнхий эмч нар ирдэг учраас тухайн улсуудтай ямархуу байдлаар харилцах вэ гэдэг асуудал яригддаг.
Монгол Улс энэ байгууллагад гишүүнээр орсноор ямар үүрэг хүлээдэг вэ гэхээр хүнээс малд дамжин халдварладаг өвчнийг бусад улс руу тархаахгүй байх, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний гадаад худалдаан дахь аюулгүй байдлыг баталгаажуулах, худалдааг чөлөөтэй болгох үүргийг хүлээдэг. Энэ хүрээнд өнөөдөр малын өвчинтэй тэмцэж байгаа стандарт заавар зөвлөмжүүд энэ байгууллагаас гаргасан заавар зөвлөмж мөрдөгдөж байдаг гэсэн үг.
Түүнээс биш, хэн нэгэн хүн гаргаад ирчихсэн заавар зөвлөмж биш, олон улсад мөрдөгддөг стандартыг хэрэгжүүлж явж байгаа гэсэн үг. Тус байгууллагын гишүүн болоод, дүрэм журмыг нь мөрдөөд явна гэдэг өөрөө гадаад худалдааг илүү чөлөөтэй болгоход ач холбогдолтой. Бид хэдий чинээ үүргээ хүлээж чадаж байна,төдий чинээ бусад улс орнууд Монгол Улсад итгэх итгэл нь сайжирч байдаг гэсэн үг.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



