“Ногоон сургалтын төгөл хамтдаа бүтээе” байгаль орчны боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүллээ

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, газрын доройтол, цөлжилтийн нөлөөнд өртсөн орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага(КОЙКА)-ын байгаль орчны сайн дурын ажилтнуудын санаачилсан “Ногоон сургалтын төгөл хамтдаа бүтээе” төсөл амжилттай хэрэгжлээ.

Намрын бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан Төв аймаг Баянхангай сумын ерөнхий боловсролын сургуульд 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр тус сургуулийн багш, сурагчид, албан хаагчид, иргэд нийт 300орчим хүн хамтран “Ногоон сургалтын төгөл” байгуулах арга хэмжээг амжилттай зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээ нь КОЙКА-ын шугамаар томилогдон ирсэн байгаль орчны сайн дурын ажилтнуудын төслийн хүрээнд зохион байгуулагдсан юм. Тэд хөдөө орон нутгийн сургуульд байгаль орчны боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус сургуулийн сурагчдад уур амьсгал ба байгаль орчны сургалт, орон нутгийн ойжуулалтын талбай, цөлжилт бүхий газартай танилцах аялал, сурагчдын дунд гар зургийн уралдаан, уралдаанд шалгарсан бүтээлээр сургуулийн ханын зураг зурах, хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах дадлыг хэвшүүлэхээр хогийн сав суурилуулах, сургуулийн хашаанд эко төгөл байгуулах, иргэдэд суулгац хандивлах зэрэг хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулсан юм.

“Ногоон сургалтын төгөл хамтдаа бүтээе” төслийн арга хэмжээний нээлтэд Баянхангай сумын Засаг дарга Б.Болортуяа “Манай сумын сурагчид байгаль орчны үнэ цэнийг ойлгож, өөрсдийн гараар мод тарьж, арчилж ургуулах үнэ цэнтэй туршлага хуримтлуулах боломжийг олгосон энэхүү чухал ач холбогдолтой төслийг санаачлан хэрэгжүүлсэн КОЙКА-ын сайн дурын ажилтнууд болон “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын хамт олонд гүн талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.

Төслийн ерөнхий зохицуулагчаар ажилласан КОЙКА-ын сайн дурын ажилтан Квон Со Хён “Энэ төсөл нь ногоон боловсролын хүртээмж тааруу хөдөө орон нутгийн сургуулийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хийж өгөх гэхээсээ илүү энэхүү ажилд сурагчид гар бие оролцож байгаа гэдгээрээ маш чухал, ач холбогдолтой юм. Сурагчдын гар бие, сэтгэл шингэсэн энэхүү төгөл сайхан ургаасай хэмээн хүсэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энэ төслийн хүрээнд Төв аймгийн Баянхангай сумын сургуулийн хашаанд эко төгөл байгуулахаас гадна сумын иргэдэд нийт 1400 ширхэг хайлаас, голт бор модны суулгац хандивлалаа. Монгол орны газрын доройтол, цөлжилтөд өртөж буй нутагт мод ургуулах нь бэрх ч гэлээ, чухал үнэ цэнэтэй ажил билээ. Тийм ч учраас энэ удаагийн төслийн хүрээнд Баянхангай суманд тарьсан модод сурагчид, иргэдийн арчилгаа хамгааллын хүчээр сайхан ургаж, үргэлж ногоорон байх болтугай.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



