Дундговь аймагт хүнсний ногоо тариалалтын тогтолцоог бий болгох “MON-SHEP” төсөл амжилттай хэрэгжиж байна

Япон Улсын Элчин Сайдын Яам болон ЖАЙКА байгууллагын төлөөлөл Дундговь аймгийн Сайнцагаан суманд ажиллаж, Японы Засгийн газрын тусламжаар хэрэгжсэн ЖАЙКА-гийн Техникийн хамтын ажиллагааны төсөл болох Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төслийн үйл явцтай танилцлаа.


2006 онд анх Кени улсад хэрэгжүүлсэн уг төслийн SHEP аргачлалыг дэлхийн 60 гаруй улс оронд нэвтрүүлсэн бөгөөд Монголын Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Төв, Завхан аймаг болон Улаанбаатар хотын онцлогт тохируулан боловсруулсан байна.


Өрхийн хүнсний ногоо тариалагч, аймаг, сумын хүнсний ногооны тариалалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах, “зарахын тулд тарих” зарчмаар зах зээлд чиглэсэн хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой уг төсөл 2028 оны 11 дүгээр сар хүртэл хэрэгжих юм.


2022 оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хүнсний гол нэрийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг зарласан.


Энэхүү хөдөлгөөнөөс дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхийн тулд хүнсний ногоо тариаланчдын дийлэнх хувийг бүрдүүлдэг жижиг, дунд тариаланчдад, хэрэглэгчдийг гол үзүүлэлт болгосон зах зээлд чиглэсэн хүнсний ногоо үйлдвэрлэл болон борлуулалтыг тэлэх чиглэлээр сургалт явуулж, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор уг төслийг эхлүүлсэн байна.





