Бүс нутгийн ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх зорилтын дор тээврийн салбарынхан чуулав
“Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн дагуу Тээврийн зөвлөлийн 13 дугаар хурлыг өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа. Хуралд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын тээврийн салбарынхан хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож, туршлага мэдлэгээ хуваалцлаа. Мөн ирэх жилүүдэд тээврийн салбарт хамтран хийх ажлын чиглэлүүд дээр санал солилцлоо.
“Их Түмэн санаачилга” хөтөлбөр буюу GTI нь 1995 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны суурь болж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой зохион байгуулагдсан юм.
Тодруулбал, “Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн зүгээс гишүүн орнуудын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон, Тээврийн зөвлөлийг 2009 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Зөвлөх хорооны 10 дугаар хурал”-аар байгуулсан. Зүүн Хойд Азийн тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, зохицуулалтыг сайжруулах зорилготой Тээврийн зөвлөл нь “Бүсийн тээврийн коридорыг нээн хөгжүүлэх замаар бүс нутгийн тээврийн нэгдсэн сүлжээг бий болгох, бүс нутгийг тээврийн сүлжээгээр холбогдох боломжийг нэмэгдүүлэх, Зүүн Хойд Ази дах ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх” зорилт тавин ажиллаж байна.
Анхдугаар Тээврийн зөвлөлийн хурлыг БНСУ-д хийж байсан бөгөөд Англи хэлний үсгийн дарааллаар жил бүр тухайн улс даргалан, зохион байгуулж байхаар тохирсон юм. Энэхүү хөтөлбөрийн Тээврийн зөвлөлийн 5 дугаар хурлыг 2015 онд “Их Түмэн бүс нутгийн далай-хуурай замын холимог тээврийн хөгжүүлэх нь”, Тээврийн зөвлөлийн 9 дүгээр хурлыг 2019 онд “Тээврийн коридор: Зүүн хойд Азийн сорилт ба боломжууд” сэдэвтэйгээр тус тус Монгол Улсад зохион байгуулсан бөгөөд 2024 онд Тээврийн зөвлөлийн 13 дугаар хурлыг ийнхүү зохион байгуулж байгаа юм.
Их Түмэн санаачлага бүсийн тээврийн стратеги болон тээврийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Их түмэн бүс нутагт тээврийн нэгдсэн сүлжээг бий болгох, хямд, үр өгөөжтэй тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх бодитой арга зам гэж үзэн жил бүр шинэчлэн баталдаг. 2023 онд уг хурал нь БНХАУ-д зохион байгуулагдсан бөгөөд гишүүн улсуудын болон бусад хамтрагч байгууллагын нийт 30 орчим төлөөлөгч оролцсон байна.
Стратегийн үйл ажиллагааны 2023-2024 оны төлөвлөгөөнд Монголын талаас Чойбалсан-Эрээнцав чиглэлийн төмөр замын сэргээн засварлах, Улаанбаатар-Өндөрхаан-Баруун Урт-Бичигтийн авто зам, Сайншанд-Баруун Урт-Хөөт-Бичигтийн төмөр замын чиглэлүүдийг хөгжүүлэх болон Монголын Зүүн бүс нутгийн нүүрсийг Зүүн Хойд Азийн зах зээлд гаргах зэрэг асуудлуудыг тусгажээ.
Харин энэ удаагийн хуралд Монгол Улсын Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Их Түмэн санаачлагын Нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лоуренс Хумюнг Ли, АНДЭЗНК-ын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төвийн захирал Б.Ганболд нараас бүрдсэн Монгол, Орос, Хятад улсын Зам тээврийн яамны удирдах албаны 20 гаруй зочин төлөөлөгч оролцож байна.
Энэ удаагийн Тээврийн зөвлөлийн 13 дугаар хурал үндсэн 3 хэсгээс бүрдсэн бөгөөд “Их Түмэн санаачлагын Тээврийн салбар дахь үйл ажиллагааны явц”, “Тээврийн асуудлаарх Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Их түмэн санаачлага 4 дүгээр семинарын үр дүн, зөвлөмжүүд”, “2024-2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал” гэсэн сэдвийн дор гишүүн орнууд тээврийн салбарт хэрэгжиж дууссан ажлуудын үр дүн, хийх ажлуудаа хэлэлцлээ. Мөн зам, тээврийн салбарт одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийн явцын тухай танилцууллаа.