МОНЦАМЭ, ТАСС агентлагууд хамтын ажиллагааны гэрээ байгуулав
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн урилгаар ОХУ-ын ТАСС агентлагийн Ерөнхий захирал А.О.Кондрашов тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 10-р сарын 29-30-ны өдрүүдэд айлчилж байна. Энэ үеэр зочид төлөөлөгчид МОНЦАМЭ агентлагт зочиллоо.
Энэ нь дэлхийн мэдээллийн тэргүүлэх эх үүсвэрийн нэг байсаар ирсэн ТАСС агентлагийн Ерөнхий захирлын МОНЦАМЭ агентлагт зочилж буй анхны тохиолдол юм.
ТАСС агентлагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус агентлагийн тэргүүн дэд захирал М.С.Гусман, Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн А.В.Потапкина, Ерөнхий редакторын нэгдүгээр орлогч М.С.Абулхатин, Монгол Улс дахь сурвалжлагч Туяна Зондуева нарын хүмүүс багтсан юм.
МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос зочдыг хүндэтгэн хүлээн авч, хамтын ажиллагааны баялаг түүхт ТАСС агентлагийн төлөөлөгчдөд байгууллагынхаа түүхэн замнал, өнөөгийн хөгжил дэвшил, цаашдын зорилтуудаа танилцуулав.
Мөн 100 жилийн түүхтэй хоёр агентлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд тодорхой санал санаачилгыг хоёр талаас дэвшүүлэх, “Новости Монголии” сониныхоо зэрэгцээ “Монголия сегодня” сэтгүүлийг орос хэлээр гаргах, орос хэлний мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд МОНЦАМЭ агентлаг тодорхой үүрэг чиглэлтэй ажиллах талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.
Түүнчлэн үндэсний бичиг, соёлын тухай зочдод танилцуулж, сонирхсон асуултад нь дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм.
ТАСС агентлагийн Ерөнхий захирал А.О.Кондрашов найрсаг дотно хүлээн авч байгаад хариу талархал илэрхийлээд, “Монгол бол гайхамшигтай өвөрмөц орон, элэгсэг найрсаг ард түмэнтэй. Монголд ирэхийг би маш их хүсэж байлаа. Хоёр том гүрний дунд оршдогийнхоо хувьд маш нарийн мэдрэмжтэй улс төрийн бодлого явуулдаг байх гэж би төсөөлдөг. Хоёр улсын мэдээллийн том агентлаг олон жил хамтын ажиллагаатай явж ирсэн. Өнгөрсөн хугацаанд алдагдсан он жилүүд байсан хэдий ч биднийг өргөн ирээдүй хүлээж байна гэдэгт итгэлтэй байдаг. Мэдээллийн довтолгооны энэ эрин үед манай хоёр агентлаг бие биенээ дэмжин хамтран ажиллах нь чухал юм. Тиймд уламжлалт найрамдалт оюун санааны харилцаа холбоондоо дөрөөлж цаашдаа олон зүйлийг хамтран хийх боломж нөөц бидэнд их байна. Хэрэв МОНЦАМЭ агентлаг тусгай сурвалжлагчаа Москвад, эсвэл хил орчмын хотод ажиллуулахаар төлөвлөж байгаа бол бид бүрэн дүүрэн дэмжих болно. “Танилтай хүн талын чинээ, танилгүй бол алгын чинээ” гэсэн монголын зүйр үг бий. Бид та бүхний хамгийн сайн хамтрагч, дотнын нөхөр байхыг хүсэж байна. Биднийг нарлаг сайхан Улаанбаатартаа эртний андын ёсоор найрсаг дотно хүлээн авсанд чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээв.
Тус уулзалтад мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков оролцож, хоёр улсын мэдээллийн агентлагийн цаашдын харилцаа хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцлаа.
Ийнхүү 120 жилийн түүхтэй ТАСС агентлагийн Ерөнхий захирал 103 жилийн түүхтэй МОНЦАМЭ агентлагт анх удаа айлчилсан энэхүү түүхэн уулзалтын дараа хоёр агентлагийн хамтын ажиллагааны тав дахь гэрээг байгуулсан юм. Гэрээнд МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос, ТАСС агентлагийн Ерөнхий захирал А.О.Кондрашов нар гарын үсэг зурав.
Гэрээнд тусгаснаар талууд харилцан туршлага солилцох чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, мэдээлэл солилцох, сэтгүүлч, мэргэжилтний харилцан айлчлал болон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
ТАСС агентлагийн түүхт 120 жилийн ой 2024 оны 9-р сарын 1-нд тохиосон билээ. Олон улсын сансрын станцад өөрийн товчоотой дэлхийн цорын ганц хэвлэл мэдээллийн байгууллага болох ТАСС агентлаг 1800 гаруй ажилтантай, өдөр бүр зургаан хэлээр 3 мянга орчим мэдээ сурвалжилга бэлтгэж байна. Дэлхийн 112 орны 200 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилладаг.
МОНЦАМЭ, ТАСС агентлагуудын хооронд хамтран ажиллах хэлэлцээрт анх Москва хотноо 1957 онд гарын үсэг зурснаас хойш Хамтран ажиллах гэрээнд 2004 оны 9-р сарын 22-нд, Нэмэлт гэрээнд 2013 оны 9-р сарын 20-нд Москва хотноо тус тус, “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг 2024 оны 3-р сарын 7-нд Токио хотноо байгуулж байв.