ЭМЯFocusШинэ мэдээ

Дэлхийн 137 улсад хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийдэг

Дэлхийн 137 оронд хийгдэж буй умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг манай улс энэ оноос үндэсний товлолын вакцинд оруулсан. Тэгвэл уг вакциныг 2024 ондоо багтаан эхлүүлэхээр улсын хэмжээнд бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор холбогдох эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдэд мэдээлэл, сурталчилгааны ажлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, иргэд, олон нийтэд папиллома вирусийн талаарх үнэн, зөв мэдээллийг хэвлэл мэдээллийн тусламжтайгаар хэрхэн хүргэх чиглэлээрх сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ДТСА), Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос /2024.10.24/ хамтран зохион байгууллаа.

Сургалтаар холбооны гүйцэтгэх захирал, эрүүл мэндийн сэтгүүлч, докторант Б.Ундрах “Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчтэй үр дүнтэй хамтарч ажиллах нь”, “Эрсдэлийн үеийн хариу арга хэмжээний баг, бүлгүүдийг олон нийтийн мэдээлэл харилцааны ажилд чадавхжуулах нь”, холбооны зөвлөх, доктор, профессор С.Наранчимэг “Хандлага, харилцаагаа удирдах нь”, зөвлөх багш Ц.Тамир “Хуурамч мэдээ, мэдээллийг нягтлах, хариу арга хэмжээ авах арга зүй” зэрэг сэдвийн хүрээнд оролцогчдод мэдээлэл хүргэж, санал солилцлоо.

Сургалтад 21 аймгийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн төв болон хэлтсийн дарга, нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, хүүхдийн тасгийн эрхлэгч эмч нарын төрийн байгууллагын нийт 100 орчим төлөөлөл хамрагдав. Тус сургалтыг “Хүний папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хангах ДДУХ-ийн мэргэжлийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалт”-ын хүрээнд зохион байгууллаа.

ДЭЛХИЙН 137 УЛСАД ХАВДАР ҮҮСГЭГЧИЙН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙДЭГ

Хүний папиллома вирус (ХПВ)-ийн дархлаажуулалтад охидыг бага насанд нь хамруулах нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг эрс бууруулдаг болохыг олон улсын туршлага, судалгаанаас харж болох юм. Жишээлбэл, Швед улсад хийгдсэн томоохон бүртгэлд суурилсан ажиглалтын судалгаагаар, вакцинжуулалтын 10 жилийн дараах нөлөө 9-16 насны охидод ХПВ-ийн вакцин хийснээр умайн хүзүүний хорт хавдар үүсгэх эрсдэлийг 88 хувиар бууруулсан бол 17-30 насны эмэгтэйчүүдэд вакцин хийхэд өмнөх наснаас үр дүн багатай байв. Гэсэн ч вакцин хийлгээгүй бусад бүлэгтэй харьцуулахад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 53 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. (HPV Vaccination and Risk of Cervical Cancer. 2020, England, Falcaro et al, 2021)

ХҮЙС ХАМААРАХГҮЙГЭЭР 11 НАСНЫХАН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

Манай улс ХПВ-ийн дархлаажуулалтыг зохион байгуулахдаа:

  • Заавал хийх товлолт насыг 11-ээр тогтоож, эрэгтэй, эмэгтэй хүүхдэд 1 цэн/тун вакцин хийнэ
  • Сайн дурын дархлаажуулалт буюу иргэн өөрөө төлбөрөө төлөөд дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Үүнд 11-ээс дээш насныханд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Дархлаажуулалтын зөвлөх хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу нас насанд нь тохирсон тунгаар хийх аж.

Тухайлбал,

  • 9-14 насныханд 2 цэн/тун,
  • 14-18 насныханд 3 цэн/тун вакцин тус тус хийхээр зааварт тусгажээ.

Ташрамд дурдахад, манайд умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дундах хавдрын өвчлөлийн II дугаарт, нас баралтаар III бичигддэг юм. (Хорт хавдрын тайлан 2023, ХСҮТ)

МОНГОЛД УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ ПАПИЛЛОМА ВИРУС (HPV)-ИЙН ТАРХАЛТ ДЭЛХИЙН ДУНДЖААС 3 ДАХИН ИХ БАЙНА

Монгол Улсын хэмжээнд 2023 онд нийт 7244 хүн хавдраар өвчилсний 5.9 хувь буюу 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогджээ. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч папиллома вирусийн тархалтын дэлхийн дундаж 12 хувьтай байдаг бол манай улсад эл тоо 3 дахин их буюу 35 хувиас дээш үзүүлэлттэй, дэлхийд дээгүүрт орж байна. 2012 оны ДЭМБ-ын зөвлөмжөөр, Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг анх нэвтрүүлэхээр болсон ч үргүйдэлд хүргэдэг гэх ташаа мэдээлэл тархаж, улмаар вакцинжуулалтын ажлыг зогсоож байсан юм.

БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ – МЭМСЦҮХ

#Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

#Mongolia – Нэгдсэн Үндэстний Байгууллага

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close