ИНЕГ

Итали, Руанда улстай агаарын тээврийн харилцааг шинэ шатанд гаргана

Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагаас зохион байгуулж буй ICAN 2024 – Агаарын хэлэлцээрийн үйл ажиллагаа энэ сарын 21-25-нд Малайз улсын Куала Лумпур хотноо болж байна.

Тус үйл ажиллагаанд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Итали Улс болон Бүгд Найрамдах Руанда Улсын төлөөлөлтэй уулзан, агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрүүд нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Бүгд Найрамдах Итали, Бүгд Найрамдах Руанда улстай агаарын тээврийн харилцааг шинэ шатанд гаргах юм. 

Мөн олон улсын нисэхийн салбарт Монгол Улсын оролцоог нэмэх, агаарын тээврийн сүлжээг өргөжүүлэх, тус улсуудтай худалдаа арилжаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг болно.

Тухайлбал, БНИУ-тай санамж бичиг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж, Ром, Милан (Мальпенза, Бергамо), Венец болон хожим 2 цэг тодорхойлохоор тохирчээ. Руанда улсын хувьд цэг, давтамж, багтаамжийг хэлэлцээр байгуулах үед тохирох болсон аж. 

Талууд хоёр улсын хооронд агаарын харилцааг хөгжүүлж, цаашид бүс нутаг, олон улсын түвшинд агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлснийг ИНЕГ мэдээлжээ.

ICAN 2024-д 83 улс, олон улсын 2 байгууллагын 700 гаруй төлөөлөгч оролцож, 564 уулзалт төлөвлөөд байгаа аж. 

Таг
Back to top button
Close