ЗТЯFocus

Б.Дэлгэрсайхан: Тээвэр бол улс орны хөгжлийн үндэс

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Туркменистан улсад төрийн айлчлал хийж,  хоёр улсын найрсаг харилцаа, тэр дундаа хөдөө аж ахуй, зам тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх олон талт уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлсэн билээ.

Энэ хүрээнд Монгол-Туркменистан хоёр улсын “Бизнес Форум” зохион байгуулагдаж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан “Тээвэр, логистикийн салбарт хамтран ажиллах боломжууд” сэдвээр илтгэл тавьж, хоёр улс тээврийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар танилцууллаа.

Монгол-Туркменистан хоёр улс  “ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУД” сэдэвт илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд БОРХҮҮГИЙН ДЭЛГЭРСАЙХАН: 

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө!

Хатагтай, ноёд оо!  Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Юуны өмнө Монгол-Туркменистаны Бизнесийн форумд оролцож, Монгол Улсын тээврийн салбарын талаар болон хоёр талын хооронд тээврийн салбарын чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар танилцуулж байгаадаа баяртай байна.

Монгол Улс, Туркменистан улс нь хоорондоо ижил төстэй зүйлс олон. Хуучин социалист дэглэмээс зах зээлийн эдийн засагт шилжсэн, харьцангуй том газар нутаг, таруу байршсан цөөн хүн ам, уул уурхайн арвин их нөөц баялаг, эдийн засгийн бүтэц гэх зэрэг ижил төстэй зүйлсийг дурдаж болно. Тиймээс тулгарч буй асуудал нь хүртэл ижил төстэй зүйл олонтой гэж бодож байна.

Тээвэр бол улс орны хөгжлийн үндэс бөгөөд эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг тэтгэх, худалдаа, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих, түргэтгэх гол хүчин зүйл гэдгийг бид бүгд мэднэ. Зам хаана хүрнэ тэнд амьдрал цэцэглэнэ гэж монголчууд ярьдаг.  

Монгол Улс бол хойд талаараа ОХУ, урд талаараа БНХАУ гэсэн хоёр том хөрштэй хиллэдэг, далайд гарцгүй улс юм. Иймээс бид өөрийн улсын газар зүйн энэ өвөрмөц байршлыг өөрсдөд аль болох давуу байдал болгон ашиглах, сөрөг нөлөөг багасгахыг эрмэлзэж ирсэн. Учир нь хоёр том хөршийн дунд байрлаж байгаа нь хоёр том зах зээлд шууд хүрэх, тэдний хоорондын худалдаа, тээврийг өөрийн нутгаар дамжуулах зэрэг давуу талыг бий болгодог хэдий ч гуравдагч улсуудтай холбогдоход зарим талаараа бэрхшээлийг бий болгодог. 

Тийм учраас манай улс “Гуравдагч хөршийн бодлого”-оор дамжуулан дэлхийн улс орнуудтай худалдаа, эдийн засаг, нийгэм, соёлын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорин ажилладаг. Монгол Улс худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын гадаад, дотоод орчныг сайжруулах чиглэлээр 44 улстай “Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих хэлэлцээр”-ийг, 26 улстай “Давхар татвараас чөлөөлөх хэлэлцээр”-ийг тус тус байгуулан хамтран ажиллаж байна.

Бид мөн тээврийн салбарын олон улсын хамтын нөхөрлөлд идэвхтэй оролцож өөрийн байр суурийг олохыг эрмэлзэж ирсэн.

Монгол Улс нь “Олон улсын авто тээвэрлэгчдийн холбоо”[1], “Олон улсын тээврийн форум”[2], “Дэлхийн Автозамын холбоо”[3]-ны зэрэг олон улсын байгууллагуудын гишүүн бөгөөд Европ, Азийн 20 гаруй улстай “Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр” байгуулж, харилцан зөвшөөрөл солилцон тээвэрлэлт хийж байна. Танай улсад хийж буй энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар автотээврийн хэлэлцээр үзэглэснээр хэлэлцээр бүхий улсын тоо 21 боллоо. 

Мөн манай улс “Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага”, “Олон улсын төмөр замын холбоо”-ны “Ази-Номхон далайн бүс”-ийн Удирдах хорооны гишүүн, “Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл” зэрэг олон улсын төмөр замын байгууллагуудын гишүүн бөгөөд төмөр замын салбарт олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллаж байна. Үүний дагуу манай хоёр улс төмөр замаар харилцан тээвэр хийх бүрэн боломжтой бөгөөд Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын томоохон төслүүд хэрэгжсэнээр илүү дөт замаар КАРЕК-ийн коридоруудад холбогдож төмөр замын тээвэр хийх нөхцөл бүрдэх юм.

Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн тухайд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу манай улс Зүүн Хойд Хятадын гадаад худалдааны нээлттэй 8 далайн боомтыг ашиглахаар тохиролцон ажиллаж байна.

Мөн 2018 онд Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг байгуулж, хоёр улсын нутаг дэвсгэрээр ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх, Оросын холбооны улсын боомтуудаар далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлсэн.

Монгол Улс дэлхийд гарцтай байхад чухал үүрэгтэй агаарын тээврийн либералчлалын бодлогоо амжилттай хэрэгжүүлж, энэхүү айлчлалын хүрээнд Туркменистан улстай байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийг оруулаад нийт 47 улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулаад байна. Мөн манай улс Олон улсын Иргэний нисэхийн байгууллага, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Бид Ази-Европ, өрнө-дорныг холбосон агаарын тээврийн зангилаа төв болох томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Цаашлаад, манай улс бүс нутгийнхаа далайн эрэг бүхий улсуудын боомтод саадгүй хүрэх, таатай нөхцөлөөр ашиглах талаар яриа, хэлэлцээг тууштай өрнүүлж, далайн тээврийн 30 гаруй конвенц, олон талт хэлэлцээрт нэгдэж, хоёр талт Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулан ажиллаж байна.

Монгол Улс бүс нутгийн, цаашлаад дэлхийн тогтвортой хөгжилд оруулах өөрсдийн хувь нэмрээ тодорхойлж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусган баталсан. Үүнд Ази, Европыг холбосон газар зүйн давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Улс” болох зорилтыг дэвшүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааны механизмуудад нэгдэж, идэвхтэй оролцогч байхыг эрмэлзэж байна.

Бид бүс нутгийн интеграцид тодорхой хувь нэмэр оруулахуйц, транзит тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Манай улсаар Азийн авто замын сүлжээний АН-3, АН-4, АН-32 чиглэл дайран өнгөрдөг.  

  • АН-3 чиглэлийн 1000 гаруй км үргэлжлэх коридор нь манай улсын экспорт, импорт болон транзит ачаа тээвэрлэгддэг гол коридор юм. Энэ замын зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах үүднээс энэ коридорыг бүхэлд нь 2 урсгалтай, 4 эгнээ зам болгохоор ажиллаж байгаа ба энэ хүрээнд хамтран ажиллах хэрэгцээ шаардлага бидэнд байна.
  • АН-4 чиглэлийн Монгол Улсаар дайран өнгөрсөн баруун босоо тэнхлэгийн 745 км авто замын бүтээн байгуулалтыг 2022 дуусгаж, 2023 онд тээвэрлэлтийн үйл ажиллагааг нээсэн.
  • Азийн авто замын сүлжээний АН-32 буюу КАРЕК-ийн 4С чиглэлийг бүрэн засмал замаар холбох ажил дуусах шатандаа орж байна.

Цаашдаа Ази–Европыг холбосон авто замын нийт 5 босоо коридор, 3 хэвтээ коридорыг бүрэн засмал замаар холбож, 2 хөрштэйгөө 15 гарцаар холбогдож, дамжин өнгөрөх ачаа тээврийн болон дотоодын экспортын бараа бүтээгдэхүүний тээврийн боломжийг өргөтгөх юм.

Туркменистан улстай бид энэхүү айлчлалынхаа хүрээнд Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр байгууллаа. Одоо манай хоёр улс хэлэлцээр бүхий бусад улс орнуудын нутаг дэвсгэрээр дамжин хоорондоо харилцан тээвэр хийх бүрэн боломжтой боллоо. Азийн авто замын сүлжээний болон КАРЕК-ийн коридоруудаар дамжин хоорондоо хамгийн дөт замаар холбогдох боломжтой болсныг та бүхэн харж байна.

Төмөр замын дэд бүтцийн хувьд манай улс Транс-Азийн төмөр замын сүлжээнд дамжин өнгөрөх 2 гарц бүхий 1 чиглэлээр бүрэн холбогдсон. Сүүлийн жилүүдэд төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, 2019-2023 онд шинээр 905 км төмөр зам барьж, хоёр хөрштэйгээ холбогдсон төмөр замын 5 гарцтай, үндэсний төмөр замын сүлжээг байгуулаад байна.

2024-2028 онд хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд шинээр дараах төмөр замуудыг хийхээр төлөвлөж байна.

  • Алтанбулагаас Ханги боомтыг холбосон Төв коридорын төмөр зам,
  • Эрээнцаваас Бичигт боомтыг холбосон Зүүн босоо төмөр зам,
  • Арцсуурь-Нарийн Сухайт-Шивээхүрэн чиглэлийн Баруун босоо төмөр зам,
  • Тэдгээрийг хөндлөн холбосон төмөр замын Хэвтээ коридорыг бий болгох зэрэг төмөр замын бүтээн байгуулалтыг хийх болно.

Ингэснээр бид 2 хөрштэйгөө төмөр замын 8 гарцаар холбогдон Транс-Азийн авто замын сүлжээнд илүү өргөн боломжоор холбогдох юм. Төмөр замын төв коридорын хос төмөр зам болон Зүүн босоо коридорын төмөр зам нь бүс нутгийн дамжин өнгөрөх тээвэрт онцгой хувь нэмэр оруулах боломжтой.  

Манай улс эдгээр төмөр замуудыг ойрын хугацаанд барьж байгуулснаар дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх юм. Мөн бүс нутгийн тээвэр, логистикийн төв, хуурай боомтуудыг байгуулах, боомтуудын холболт, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулахад чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэн ажиллаж байна.

 Төмөр замын тээврийн тухайд манай хоёр улс Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэр дээгүүрх Транс-Сибирийн төмөр замаар дамжин КАРЕК-ийн төмөр замын сүлжээгээр холбогддог бол манай улсад хэрэгжиж буй төмөр замын төслүүд хэрэгжсэнээр илүү ойртох боломжтой болох юм.   Энэ нь манай хоёр улсын хоорондох худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэн, гүнзгийрүүлэх нь дамжиггүй.

Монгол Улс ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж буй авто замын болон төмөр замын дамжин өнгөрөх тээврийн коридоруудын гол зангилаанууд дээр агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх олон улсын нисэх буудлуудыг мөн төлөвлөн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ангилал зэрэглэлийг дээшлүүлэхээр ажиллаж байна.  Тухайлбал стратегийн ач холбогдол бүхий газар зүйн байрлалтай бүсийн төвүүд буюу баруун, зүүн, өмнөд бүс нутагт байрлах 4 нисэх буудлыг 4C ангилалын болгохоор ажиллаж байна.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн “Шинэ Хархорум” хотыг байгуулах зарлиг гаргасны дагуу авто замын сүлжээг сайжруулах, төмөр зам, нисэх онгоцны буудал байгуулах гэх мэт тээврийн дэд бүтцийн төлөвлөлтийг цогцоор хийж байна.

Шинэ Хархорум хотын олон улсын нисэх онгоцны буудал, Улаанбаатар хоттой холбосон төмөр зам, авто зам барих ажлыг эхлүүлэх нэн чухалд тооцогдож байгаа бөгөөд эдгээр төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг гүйцэтгэх, цаашид бүтээн байгуулалт, менежментийн тал дээр хамтран ажиллах боломж нээлттэй байгааг илэрхийлэхийг хүсэж байна.  

Мөн Азийн болон хөрш бүс нутагтай хамтран олон улсын нэгдсэн холимог тээвэр болон логистикийн тогтолцоог хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих зорилтын хүрээнд баталсан НҮБ-ын Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улс 2016 онд нэгдэн орсон.  Энэ хүрээнд манай улс  газар зүйн байршлын давуу талдаа түшиглэн  олон улсын хуурай боомт/ логистикийн төвүүдийг Ази-Европыг холбосон авто зам болон төмөр замын коридоруудын дагуух 8 байршилд үе шаттайгаар байгуулахаар зорин ажиллаж байна.

Энэ бүх төслийг хэрэгжүүлэхэд төр хувийн хэвшлийн түншлэл, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарын хамтын ажиллагаа ихээхэн чухал юм. Эдгээр бүс нутгийн хэмжээний, үр ашигтай, ирээдүйтэй, хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улс Та бүхэнтэй хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлье.

Хатагтай, ноёд оо!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд манай хоёр улс хоорондын автотээврийн болон агаарын тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ хоёр хэлэлцээр байгуулагдсанаар бид автотээврээр саадгүй харилцан болон дамжин өнгөрөх тээвэр хийх, агаарын тээврийн чиглэлээр шууд нислэг хийх зэрэг хамтын ажиллагааны олон таатай боломжууд нээгдлээ. Энэ боломжуудыг ашиглах талаар хоёр улсын хувийн хэвшлийн байгууллага, компаниуд идэвх, санаачлага гарган ажиллана гэдэгт найдаж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close