“Монгол Улс: Уур амьсгал ба хөгжил” тайланг танилцуулав
Дэлхийн банк, Эдийн засаг, хөгжлийн яам хамтран Дэлхийн банкны “Монгол Улс: Уур амьсгал ба хөгжил” тайланг танилцуулах арга хэмжээг /2024.10.10/ зохион байгууллаа.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү тус арга хэмжээг нээж үг хэлэхийн зэрэгцээ “Уур амьсгалын чиглэлээр олон улсад өрнөж буй шилжилтийн өнөө үед эрчим хүч, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.
Энэхүү арга хэмжээнд Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал Мара Уорвик, Дэлхийн банкны Зүүн Өмнөд Азийн бүс нутагт Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан захирал Анна Велленштейн нар болон Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.
“Монгол Улс: Уур амьсгал ба хөгжил” тайланд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, ногоон, хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох хос зорилтын хүрээнд манай улсын өмнө тулгамдаад буй сорилт болон боломжуудыг онцолсон байна.