БоловсролFocus

ЕБ-ын 29 дүгээр сургуулийн иж бүрэн засвар дуусаж, танхимаар хичээллэж эхэллээ

Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн иж бүрэн засвар дуусаж өчигдрөөс /2024.09.24/ танхимаар хичээллэж эхэллээ. Тус сургуулийн хичээлийн болон  дотуур байр 1964 онд ашиглалтад орсноос хойш  60 жилийн хугацаанд  нь бүрэн засварт орж байгаагүй юм.  Тиймээс сүүлийн жилүүдэд сургуулийн байр нь халахгүй, хана тааз нь цуурсан, шугам сүлжээ нь элэгдсэн гээд хүүхэд багачуудын сурч амьдрах нөхцөл хүндрээд байсан юм. 

Олон жил тавьж ирсэн асуудлыг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, нийслэлийн ЗДТГ бүхлээр нь шийдэж, 4.8 тэрбум төгрөгөөр иж бүрэн засвар хийх шийдвэрийг хавар гарган, 07 сарын 15-аас ажлаа эхэлжээ.

“Нийслэлийн инженер техникийн мэргэжилтнүүдийн удирдлага,  хяналт дор иж бүрэн засвар хийж сургууль, дотуур байраа ашиглалтад оруулж байна. Мөн Боловсролын яамны 130 сая  төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүх ангийнхаа ширээ, сандлыг шинэчиллээ. Ая тухтай сурч, ажиллах нөхцөл бүрдсэнд манай хамт олон, сурагчид баяртай байна. Боловсролын ерөнхий хуулиар манай сургууль энэ хичээлийн жилээс арга зүйн төв болж өргөжиж байна.  Нийт 21 аймаг дүүргүүдийн сургуулиудад танхим, цахимаар арга зүйн зөвөлгөө, сургалтаа хүргэнэ. Тиймээс удахгүй цахим танхим ч ашиглалтад орно.” гэж 29 дүгээр сургуулийн захирал С.Батмягмар танилцууллаа.

2024-2025 оны хичээлийн жилд тус сургуульд 21 аймаг, 9 дүүргээс тусгай хэрэгцээт 265 хүүхэд 1-12 дугаар ангид элсэн суралцаж байна. Тэдний тал нь буюу 130 гаруй нь аймаг орон нутгаас ирж дотуур байранд амьдарч байгаа юм. Нийт 145 багш, ажилтны 30 хүртэл хувь нь тусгай хэрэгцээт иргэд. Сургууль мэргэжлийн багш нараар 100 хувь хангагдсан” гэж 29 дүгээр сургуулийн сургалтын менежер Д.Доржпүрэв ярилаа. Сурагчид сургуулиа санасан, гоё сургуультай болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close