Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд “Эрдмийн чуулган”-д оролцлоо
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс 45 дахь жилдээ “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 5 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлаар нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ололт амжилт, түүний үр дүнг хэлэлцэх, тэдгээрийг практикт нэвтрүүлэхийг зорьсон байна.
Хурлыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Эрдмийн чуулган бол 45 дахь жилдээ зохион байгуулагдаж буй улсын хэмжээний томоохон эрдэм шинжилгээний хурлын нэг юм. Энэ жилийн хувьд салбар хуралдааны төрөл нэмэгдэж, сувилахуйн чиглэлээр ажилладаг эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулж байгаагаараа онцлог байна. Түүнчлэн жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, эрдэм шинжилгээний бүтээлийн чанар дээшилсэн гэж харж байна.
Хуралд зөвхөн эмнэлзүйн чиглэлээр төдийгүй эмнэлэгт болохгүй байгаа асуудлуудыг багтаасан, нотолгоонд суурилсан, түүндээ үнэлэлт дүгнэлт өгсөн, гаргалгаа хайсан эрдэм шинжилгээний бүтээлүүд оролцож байгаа нь чухал ач холбогдолтой юм. Бид бүхэн үүнээс эмнэлгийнхээ үйл ажиллагааг сайжруулах нэг боломжийг олж харах ёстой юм” хэмээгээд хуралд оролцогчдод амжилт хүссэн юм.
Үүний дараа Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн “Молекул геномын мэс засал” сэдвээр хүндэтгэлийн лекц уншив.
Эрдэм шинжилгээний хурал нийгмийн эрүүл мэнд, сувилахуй, дотор, мэс заслын салбарын болон төгсөлтийн дараах сургалтад суралцагч эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дундах гэсэн 5 салбар хуралдаанаар үргэлжилсэн бөгөөд нийт 67 эрдэм шинжилгээний бүтээл ирүүлснээс 34 бүтээлийг хэлэлцүүлсэн байна. Хурлын нэгдсэн дүнгээр:
Нийгмийн эрүүл мэндийн салбарын шилдэг оролцогчид:
- Тэргүүн байр: Н.Булган нарын “Эмнэлгийн байгууллагын хэвтэн эмчлүүлэгчдийн өрөөний орчны эд хогшилд дахин ашигладаг цэвэрлэгээний алчуурын халдвар дамжуулах эрсдэлийг судалсан дүн”
- Дэд байр: М.Даваасүрэн нарын “Өсвөр үеийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх асуудал”
- Гутгаар байр: И.Ариунбилэг нарын “Эмчлүүлэгчийн эрүүл мэндийн боловсрол эмийн эмчилгээний үр дүнд нөлөөлдөг эсэхийг үнэлэх асуумж судалгаа”
Сувилахуйн салбарын шилдэг оролцогчид
- Тэргүүн байр: О.Сарантуяа нарын “Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хувь хүний хандлагын талаарх судалгаа”
- Дэд байр: Б.Цэгмид нарын “УНТЭ-ийн сувилагч нарын унах эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай мэдлэгийг үйлчлүүлэгчийн мэдлэгийн түвшинтэй харьцуулан судлах нь”
- Гутгаар байр: П.Энхдэлгэр нарын “УНТЭ-ийн сувилагчдын цусан дахь Д амин дэмийн хэмжээ, хэрэглээг судалсан дүн”
Дотрын анагаах ухааны салбарын шилдэг оролцогчид:
- Тэргүүн байр: Б. Одончимэг нарын “Ковид-19-ийн дараах эмнэлзүйн шинж тэмдэг, ачаалал даах чадварыг судалсан дүн”
- Дэд байр: Б.Анхбаяр, Н.Болормаа нарын “Улны хальсны үрэвсэл оноштой үйлчлүүлэгчдийн цохилтод долгионы эмчилгээний үр дүн”
- Гутгаар байр: Б.Сумъяа нарын “Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн дунд үүссэн цөсний замын хүндрэлийг эмнэлзүйн хүчин зүйлстэй нь харьцуулан судалсан дүн”
Мэс заслын анагаах ухааны салбарын шилдэг оролцогчид:
- Тэргүүн байр: Г.Мядаг нарын “Дунгийн суулгацын мэс заслын үргэлжлэх хугацаа, зарим хүндрэлийг чамархайн компьютерт томографын үзүүлэлтүүдтэй уялдуулан судалсан нь”
- Дэд байр: Д.Энхзул нарын “Хорон даралт ихсэх эмгэгийн үед мэс засал эмчилгээний үр дүнг судлах нь: эмнэлэгт суурилсан нэг төвт ретроспектив судалгаа”
- Гутгаар байр: Г.Ганболд нарын “Бөөр, шээсний замын чулууны тархвар зүй өнөөгийн байдал, эрсдэлт хүчин зүйлийн судалгаа”
Төгсөлтийн дараах сургалтад суралцагч эмнэлгийн мэргэжилтнүүдийн дундах салбар хуралдааны шилдэг оролцогчид:
- Л.Ган-Эрдэнэ, С.Нэргүй нарын “Бамбай-хэлний цоргын уйланхай”
- Ц.Солонго нарын “УНТЭ-ийн төвөнхийн бичил дурангийн мэс заслын судалгаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж шалгарав