Гадаад харилцааFocus

ШХА-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өнөөдөр (2024.03.20) Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри – г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри-тэй дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран өнгөрсөн хугацаанд “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлэн, 2023 онд төслийн үр дүнг нэгтгэн, дүгнэснийг дурдсан юм.

Тэрбээр, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжиж, үр дүнг нэгтгэн дүгнэснээс хойш өнгөрсөн 3 сарын хугацаанд талууд идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллаж, дараагийн шинэ зорилго, шинэ төслөө эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлж чадсаныг онцлон тэмдэглэсэн юм.

Энэ удаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран  “Парламентын институцийг бэхжүүлэх нь” шинэ төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж буй бөгөөд өмнө нь хэрэгжүүлсэн төсөл болон одоо хэрэгжүүлэх төсөл нь   зөвхөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг гэсэн хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагаанаас гадна найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны 60 жилийн баялаг түүхтэй Монгол Улс, Швейцарын Холбооны  Улсын хамтын ажиллагааны бодит илэрхийлэл гэж хэлж болно гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндөр түвшинд тогтвортой хадгалж, бодит үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри-гийн оруулж буй хувь нэмэр их юм гээд Улсын Их Хурлын Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатыг халуун дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улс, Швейцарын Холбооны  Улсын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтойг тэмдэглэн хэлсэн юм.

Тэрбээр, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүд нь Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлдэг олон төслүүдийн нэг. Тус агентлагийн зүгээс дэмжиж, хэрэгжүүлж ажилладаг төслүүд дундаас хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл бол “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл. Үүнийг зөвхөн Швейцарын хөгжлийн агентлаг ч ингэж дүгнэсэн хэрэг биш бөгөөд Швейцарын Холбооны Улсын Засгийн газар, хамтарч ажилладаг байгууллагууд ч ийнхүү үнэлдэг юм.

Тийм ч учраас Швейцарын хөгжлийн агентлаг “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслөөрөө бахархдаг хэмээн онцолсон юм. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нь хүний эрх, ардчиллыг бэхжүүлж буй бусад улс оронд ч үлгэр жишээ болж байгааг 2023 оны 5, 6 дугаар сард Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн улсын парламентын Тамгын газрын ажилтнуудыг Монгол Улсад туршлага судлах үйл ажиллагаанд оролцуулах явцад харагдаж байсныг дурдав.

Хатагтай Стефани Бурри хэлэхдээ, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн төсөл нь 7 жилийн хугацаанд үргэлжилж, Швейцарын Холбооны Улсын Засгийн газраас төслийн үйл явцыг үнэлж дүгнэн Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааг 2024 онд дуусгавар болгож бусад улс орнуудад төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн ч төслийн үр дүн, хоёр талын харилцан идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсад цаашид дөрвөн төсөл хэрэгжүүлэхээр болсны нэг нь “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл юм.

Мөн түүнчлэн Монгол Улс нь хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс бөгөөд жендэрийн тэгш эрхийг батжуулах, бүс нутагтаа ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд Монгол Улсын Их Хурал манлайлж ажилладаг зэргийг өргөн хүрээгээр нь авч үзвэл бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг тул цаашид дэмжиж, хөгжүүлэх нь зүйтэй хэмээн  Швейцарын Холбооны Улсын зүгээс үнэлж буй явдал юм гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат манай улс парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлэх, ард түмний төлөөллийн дээд байгууллага, хууль тогтоох институцээ шинэчлэх алхмуудыг эрчимтэй явуулж буй түүхэн үйл явдлын өмнө Швейцарын хөгжлийн агентлаг бидэнтэй тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна гээд “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл нь Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй, тогтвортой байлгахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна гэлээ. Түүнчлэн энэхүү төсөл нь Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх, тэр дундаа парламентын хяналт шалгалтын тогтолцоог хөгжүүлэхэд хамгийн тууштай, урт хугацаанд, үр дүнтэй хэрэгжсэн төсөл хөтөлбөр болж үлдэх ёстойг тэмдэглээд Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбооны хамтын ажиллагааны үр дүнг бататгахад чухал нөлөө үзүүлж, улмаар хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд ахиц дэвшил авчирна гэж үзэж байна гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын Холбооны Улсын Женев хотноо удахгүй болох Олон Улсын Парламентын Холбооны 148 дүгээр Ассамблейд оролцохоор төлөвлөж буй талаараа дурдаад энэ үеэр Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит хуралдаанд Олон Улсын Парламентын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2023 онд хэрэгжүүлсэн “Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ”-ний үр дүн, туршлагаа бусад улс орнуудын парламентын төлөөлөгчидтэй хуваалцана гэлээ. Тэрбээр,  олон улсад танилцуулах, туршлагаа хуваалцах хэмжээнд үр дүнтэй хамтран ажиллаж байгаа Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри болон түүний хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Эрдэнэчимэг, зөвлөх С.Алтанхуяг, Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Болор нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close