Гадаад харилцааЗТХЯОнцлох

Хоёр улсын тээврийн салбарын харилцааны талаар санал солилцов

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.11.30/ БНХАУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Минь Жуань Тантайг хүлээн авч уулзан хоёр улсын тээврийн салбарын харилцааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд, Сайд С.Бямбацогт 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, БНХАУ-аас МУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, манай хоёр улс сайн хөршийн ёсоор хөгжлийн бодлого, төлөвлөлтөө зөвшилцөж, хамтдаа хөгжих-хамтдаа хожих зарчмыг үндэс болгон харилцаж ирснийг тодотгов.

Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, манай улсын хувьд БНХАУ-тай тээврийн хамтын ажиллагааны асуудлыг тэргүүн ээлжид чухалчлан авч үздэг. Цаашид манай хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг улам илүү бэхжүүлж, олон томоохон ажлуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах болно. Монгол талын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ боомтуудыг нээх талаар тавьсан саналуудыг БНХАУ-ын тал дэмжиж байгаад талархал илэрхийллээ.

Талуудын уулзалт манай хоёр орны зам тээврийн салбарын хамтын ажиллагааны яриагаар үргэлжилж, Сайд С.Бямбацогт хэд хэдэн асуудалд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм. Тухайлбал,

  • Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол-БНХАУ-ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тээвэрлэлт хийхэд гарч буй хүндрэлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын шинэчилсэн хэлэлцээрийг хэрэгжүүлэх зэрэг сэдвийг онцоллоо.

Энэхүү шинэчилсэн хэлэлцээрээр хоёр улсын тээвэрлэгч нар Монгол Улс болон БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх, гуравдагч улс руу, эсхүл гуравдагч улсаас тээвэрлэлт хийх боломж бүрдсэн. Үүний хүрээнд шинэчилсэн хэлэлцээрийг 2024 оноос хэрэгжүүлж эхлэх үүднээс хэлэлцээрийг хэрэгжүүлэх, харилцан тохиролцох хүсэлтийг БНХАУ-ын Зам тээврийн сайд Ли Шяопэнд хүргүүлээд байна.

Иймд шинэчилсэн хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мах махан бүтээгдэхүүн болон бусад хүнсний бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрүүлэх асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Түүнээс гадна төмөр замын чиглэлээр

  • Монгол Улсын Ховд аймгийн Булган хилийн боомтоор суудлын машин зорчуулах талаар хамтран ажиллах
  • 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлэх
  • Хилийн Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  • Хилийн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх
  • БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан тээвэрлэх, Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэх
  • Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүнийг тус улсын Ляньюнган, Жинжоу боомтоор дамжуулан тээвэрлэлт хийх
  • Монгол Улс, БНХАУ хоорондын агаарын хаалганы тоог нэмэгдүүлэх зэрэг сэдвээр санал солилцов.

Уулзалтын үр дүнд цаашид дээрх чиглэлүүдэд талууд бодит үр дүн гаргаж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close