Гадаад харилцааСурвалжлагаӨв соёлОнцлохФото сурвалжлагаНийслэл

З.Төмөртөмөө, Г.Эрэгзэн нарыг “Хүлэг баатарын гавьяаны загалмай” шагналаар шагнав

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд /2023.09.18/ Унгарын төрийн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Ёслолын үйл ажиллагааг нээж Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Доктор Обрушенский Гурбола Анна үг хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Унгар Улсын Төрийн дээд шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархаж байна.

Олон зуун жилийн түүхэн харилцаатай Унгар-Монгол хоёр улс Дипломат харилцаа тогтоогоод хэдийнэ 73 жил болжээ. Энэхүү харилцаанд хоёр орны төрийн харилцаа тэргүүн зэрэгт тавигдах боловч боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд маш олон монгол хүн хүчин чармайлт гарган ажилладаг билээ.

Манай Элчин сайдын яамны зүгээс хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд салбар бүрт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэл баримтлан ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээндээ идэвх зүтгэлтэй ажиллаж, амжилт гаргаж байгаа хүмүүст Унгарын Төрийн дээд шагналыг олгодог уламжлалтай билээ.

Ийнхүү хоёр орны харилцаа, шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Унгарын түүх соёлыг Монгол Улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа эрхмүүдийг Унгар Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хүлэг баатрын гавьяаны загалмай” шагналаар шагнадаг юм.

Өнөөдөр бид бас нэгэн сайхан үйл явдлын гэрч болж, Унгар Улсын Ерөнхийлөгч Новак Каталиний зарлигаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн нарыг Унгарын Төрийн “Хүлэг баатарын гавьяаны загалмай” дээд шагнасныг гардуулах гэж байна.

Тэд бол хоёр улсын соёл, эрдэм шинжилгээний харилцаа хамтын ажиллагаанд маш том хувь нэмэр оруулж байгаа хүмүүс юм. Тодруулж хэлбэл, Бэлх, Ар Гүнтийн Хүннүгийн булшны малтлага хийх, оршуулгын дурсгалыг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулахад бүхий л талаар дэмжсэн З.Төмөртөмөө дарга болон малтлага судалгааны ажлыг амжилттай удирдан ажилласан Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн нарт энэ ялдамд дахин талархлаа илэрхийлье” хэмээсэн юм.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн

Унгар улсын төрийн шагнал “Хүлэг баатарын гавьяаны загалмай” шагналыг хүртсэндээ  баяртай байна. Энэхүү одонг хүртээсэн Унгар улсын Ерөнхийлөгч болон энэхүү шагналыг авахад тусалж дэмжсэн Элчин сайддаа мөн ЭСЯ-ныхандаа, бидэнтэй хамтарч ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлж байна. Монголчууд бидний хувьд Унгар улстай бас эртний холбоотой. Энэ талаар домог мэт яриа эртнээс явж ирснийгл бүх хүмүүс мэдэж байгаа. Яагаад гэвэл Монгол улсын нутагт одоогоос 2000 орчим жилийн өмнө оршин тогтнож байсан Хүннүүчүүд болон V дугаар зууны үед Европыг донсолгосон Атиллийн Хүн гүрний хооронд харилцаа холбоо байдаг гэж судлаачид үздэг ч шинжлэх ухаанаар батлагдаагүй байсан.

Монголчууд өөрсдийгөө Хүннүчүүдийн хойтос гэж үздэг. Атиллийн Хүн гүрний хойтос бол Унгарчууд. Энэ хоёрын хооронд харилцаа холбоо ямар нэгэн байдлаар байгаа гэдэг таамаглал байсан ч батлах шаардлагатай. Тэгвэл энэ баталгааг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд боломжтой зүйл гэж үзсэн. Тиймээс энийг  батлахын тулд бид нар хамтарсан археологийн малтлага судалгааны ажлуудыг өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын ойр орчимд байгаа Бэлхийн ам болон Ар гүнтэд байсан Хүннүгийн хоёр чухал дурсгалт газруудад хийсэн.

Энэ судалгааны үр дүнгүүд амжилттай болж, ялангуяа Ар Гүнтийн дурсгалын хувьд болбол Хүннүчүүд болон Атиллийн Хүн гүрний хооронд ямар нэгэн байдлаар генетикийн харилцаа холбоо байна гэдэг нь байгалийн шинжлэх ухааны үр дүнд тодорхой болсон. Энэхүү шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажилд  манай хүрээлэн Монголын талаас оролцсон бол Унгарын талаас Унгар судлалын хүрээлэн оролцсон юм. Унгар судлалын хүрээлэнтэй хамтран ажиллах боломжийг Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Доктор Обрушенский Гурбола Анна олгож, бидний гүүр болж өгсөнд баярлалаа. Өнгөрсөн хугацаанд биднийг тусалж дэмжиж ирсэн ЭСЯ-ны бүх ажилчиддаа баярлалаа.

Малтлага судалгааны үр дүн амжилттай болоход НЗДТГ болон Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө та бүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлж байна. Түүнчлэн манай судалгааны ажлыг олон нийтэд зориулсан шинжлэх ухааны баримтат кино болгож бүтээсэн, бидний хамтрагч н.Баяр найруулагчдаа баярлалаа. Манай хүрээлэнгийн судлаач нартаа бүгдэд нь талархаж байна. Мөн бидний хамтрагч, миний дотны найз н.Жигжидсүрэн найруулагчдаа баярлалаа. Түүнчлэн Унгарын талаас хамтарч ажилласан хүмүүстээ талархал илэрхийлж, өргөмжлөл гардуулж байна.

Бидний хамтарсан судалгааны ажилд оролцсон Унгар судлалын хүрээлэнгийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Хорват Лугаси, Унгар талын археологич Миклош Маколди, судалгааны ажлын явцад илэрсэн хүний ясан дээр генетикийн шинжилгээ хийсэн Небраский Эндрей, судалгааны ажилд оролцсон зэвсэг судлаач Чаба ХиДан нарт бид өргөмжлөл гардуулж байна. Бидний ажлыг байнга дэмжиж явдаг Элчин сайддаа дахин баярлалаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө

Юуны өмнө, энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх боломжийг олгосон Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Доктор Обрушенский Гурбола Анна танд болон таниар дамжуулж Унгар улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж байна Хоёр улсын оронд дипломат харилцаа тогтоод хэдийнээ 73 жилийн ой өнгөрсөн байна. Энэ хугацаанд олон түүх, олон баримтууд, олон сайн зүйлүүд хийгдсэн. Түүх соёл, шинжлэх ухаан талаасаа манай ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн захирал олон зүйлүүдийг ярилаа. Бидний хамтдаа хийж хэрэгжүүлж байгаа гол зүйл нь хот орчмын аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх, хот орчмын түүх дурсгалын газрыг эзэнтэй болгох, олон хүмүүс аялал жуулчлалын чиглэлээр ирж, үзэж хардаг зүйлтэй болгох юм. Улаанбаатар хот орчмын бүсэд маш олон түүхийн дурсгалд олон судалгаа шинжилгээ хийгдсэн байдаг. Үүнийг хөгжүүлэхэд хамгийн том тус дэм болж байгаа хүмүүс бол манай Археологийн хүрээлэн болон Унгар улсын Элчин сайдын яам юм.

Улаанбаатар хот өөрийн үүргийн дагуу тодорхой ажлуудыг хийж байгаа. Намайг энэ ажлууд дээр гүүр болж жижигхэн ажлыг амжуулж байгааг минь өндрөөр үнэлсэнд миний хувьд туйлын талархалтай байна. Монгол Улс, Унгар Улсын хооронд соёл урлаг кино урлагийн чиглэлээр маш сайн хамтраад эхэллээ. Хамтарч кино хийж байна. Баримтат кинонуудыг манай н.Баяр найруулагч өндөр түвшинд хийж байна. ЭСЯ нээгдсэнээс эхлээд жил болгон ийм илүү үр дүнтэй, ахицтай он жилүүд үргэлжилж байгаад Улаанбаатар хотын удирдлагууд маш их баярлаж байгаагаа илэрхийлж байна. Цаашдаа бидний зүгээс тодорхой ажлуудад өөрийнхөө үүрэг хариуцлагын хүрээнд та бүхэнтэйгээ үргэлж хамтран ажиллахдаа таатай байх болно. ЭСЯ-ны бүх хамт олонд нийслэл хотынхоо нийт иргэд, Улаанбаатар хотын удирдлагуудын нэрийн өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Маш их баярлалаа.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close