JDS хөтөлбөрийн хүрээнд Япон Улсад 16 оюутан суралцана
![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2023/08/集合写真-scaled.jpg?resize=780%2C405)
“Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн 22 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн ёслол, хүлээн авалт /2023.08.02/ Япон Улсын Элчин сайдын өргөөнд боллоо.
Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд цаашид чухал үүрэг гүйцэтгэх төрийн залуу албан хаагчид голлосон боловсон хүчинг Японы их, дээд сургуулиудад магистр докторын сургалтад хамруулан эх орондоо буцаж ирээд Монгол Улсынхаа хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах боломжийг олгох, Япон Улстай байгуулсан найрамдалт харилцааг хүн хоорондын харилцаагаар дамжуулан өргөжүүлэн бэхжүүлэхийг зорилтоо болгож байна.
![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2023/08/挨拶する小林大使.jpg?resize=1024%2C748)
Монгол Улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл нийт 359 оюутан залуус Япон улсад магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж засгийн газрын холбогдох байгууллага, их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
JDS хөтөлбөрийн 22 дахь ээлжээр Япон Улсад суралцах 16 оюутан нь УИХ-ын Тамгын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Зам, тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар болон Монгол банкнаас нэр дэвшигдэн шалгалтад тэнцэж Кюүшүгийн их сургууль, Олон улсын их сургууль, Сайтамагийн их сургууль, Цүкүбагийн их сургууль, Нагаокагийн техникийн их сургууль, Хирошимагийн их сургууль, Мэйжигийн их сургуулийн магистр болон докторт тус тусын мэргэжлийн дагуу суралцах юм.
![](https://i1.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2023/08/挨拶するJDS生代表-scaled.jpg?fit=1024%2C768)