Гадаад харилцаа

Монгол, Сингапурын ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол, Сингапурын Гадаад харилцааны яам хоорондын ээлжит II зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо /2023.07.05/ болов. Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яамны Байнгын орлогч нарийн бичгийн дарга Нг Тэк Хеан нар ахалж оролцов.

АСЕАН-ы гишүүн, Зүүн өмнөд Азийн нөлөө бүхий Сингапур Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцав.

Хэлэлцээний үеэр талууд Монгол, Сингапурын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, цахим хөгжил, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт харилцааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн тавцанд нягт хамтран ажиллахаар ярилцав.

Түүний дотор хуримтлалын нэгдсэн сан, төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд Сингапур Улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, КОВИД-19 цар тахал, геополитикийн нөхцөл байдлын улмаас үүссэн сорилтуудыг хамтран даван туулах, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны 7 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд  Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлалын үеэр ярьж, тохиролцсон зүйлсийн хэрэгжилтийг талууд сайшаан тэмдэглэж, холбогдох байгууллагуудад дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг талууд тэмдэглэж, цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн чармайлтад хувь нэмрээ оруулж, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close