Чөлөөт цаг

Баяр наадмын тасалбарыг маргаашнаас цахимаар борлуулна

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн авто зогсоолд байрладаг автомашины зогсоолын зөвшөөрлийг хоёр дахь жилдээ enaadam.mn сайтаар дамжуулан борлуулна.

Тодруулбал, маргааш буюу долоодугаар сарын 1-ний өдрийн 11.00 цагаас эхэлж, долоодугаар сарын 5-нд борлуулалт хаагдана. Энэ жилийн цахим тасалбарын борлуулалтыг enaadam.mn сайтаар дамжуулан “Шоппи” ХХК хоёр дахь жилдээ хариуцан зохион байгуулах аж.

Тус компани албан ёсны эрхтэй 1500 брэндийн 600 мянга гаруй бараа бүтээгдэхүүнийг цахимаар борлуулахаас гадна Монгол Улсад зохион байгуулж буй шоу тоглолтын 80 гаруй хувийг өөрсдийн платформоор дамжуулан борлуулж байна.

Баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар эрэлт ихтэй байдагтай холбогдуулан энэ жил серверийг өндөр түвшинд өргөтгөн бэлтгэсэн бөгөөд банк болон бусад төлбөрийн системүүдийн ачааллыг буруулах зорилгоор төлбөр төлөх хугацааг уртасгасан нэмж хөгжүүлжээ.

Төлбөрөө хийхдээ аль болох данс ашиглахыг холбогдох албаныхан зөвлөж байна. Тасалбараа захиалснаас хойш 60 минутын хугацаанд төлбөр төлөх шаардлагатай гэнэ.

“Шоппи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батзул хэлэхдээ “Энэ жилийн хувьд наадмын тасалбар дотроо төрлүүдтэй. Хоёр өдрийн тасалбар тус тусдаа борлуулна. Тухайлбал, долоодугаар сарын 11-ний өдрийн наадмын нээлт, бөхийн барилдаан, долоодугаар сарын 12-ны өдрийн бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн хоёр төрлийн тасалбарыг гаргасан. Үнийн хувьд цэнгэлдэх хүрээлэнгийн сүүдрэвчтэй хэсэгт 52 500 төгрөг, сүүдрэвчгүй хэсэгт 42 000 төгрөгийн үнэтэй байх юм. Автомашины зогсоолын зөвшөөрөл 21 000 төгрөгийн үнэтэй. Тасалбарын хүргэлтийг “Монгол шуудан” ХХК хариуцан ажиллана” гэлээ.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, авто зогсоолд байрлах зөвшөөрлийн цахим захиалгыг амжилттай гүйцэтгэхэд тустай мэдээллийг хүргэж байна.

1. enaadam.mn сайт руу захиалга хийнэ. Аль болох өмнө нь урьдчилан хандаж бүртгэл үүсгэсэн байх.

2. 2023 оны долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарыг тусад нь борлуулна.

3. Нэг хэрэглэгч нэг өдрийн тасалбараас хамгийн ихдээ 2 ширхэг буюу 2 өдрийн тасалбараас нийт 4 ширхгийг авах боломжтой.

4. Авто зогсоолд байрлах зөвшөөрлийг 1 хүнд 5 хүртэлх тоогоор авах боломжтой.

5. Тасалбар төлөх хугацаа 60 минутын дотор тул та яаралгүй төлбөрөө төлснөөр банк болон төлбөрийн системд ачаалал нэмэхгүй хэвийн ажиллах боломжтой.

6. Тасалбарыг долдугаар сарын 10-ны өдрийн дотор “Монгол шуудан” ХК нь иргэдийн бүртгэлтэй хаягаар болон шуудангийн салбаруудаар хүргэж үйлчилнэ.

8. Сүүдрэвчтэй суудлын тасалбарын үнэ 52500 төгрөг, сүүдрэвчгүй суудлын тасалбарын үнэ 42 000 төгрөг, авто зогсоолд байрлах зөвшөөрлийн үнэ 21 000 төгрөг бөгөөд үүн дээр хүргэлтийн төлбөр нэмэгдэхийг анхаарна уу.

9. Төлбөр төлөхдөө Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой.

10. Захиалга баталгаажихгүй байх хэд хэдэн шалтгаантай.

a. Төлбөр төлөлт амжилттай болоогүй буюу банкны гүйлгээ, интернэтийн тасалдал зэргээс шалтгаалан төлбөрийн гүйцэтгэл дээр саатал үүсэх.

b. Захиалга баталгаажуулах хугацаа өнгөрсөн.

 c. Төлбөр төлөх утгыг буруу оруулсан /дансаар төлсөн тохиолдолд/.

 d. Төлбөрөө дутуу төлсөн тохиолдолд баталгаажихгүйг анхаарна уу.            Амжилттай төлөгдлөө гэсэн төлөвийг заавал шалгах шаардлагатай.

11. Урьдчилаад enaadam.mn руу нэвтрэн утас, гэрийн хаягийн бүртгэлийг хийлгэсэн байхыг зөвлөж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close