Ажлын байр хүндээ улам бүр ээлтэй болж буй дэлхий нийтийн чиг хандлага, технологийн дэвшил, шинэ үеийн залуучуудын хүлээлт, тэдгээрээс үүдэлтэй ажлын байранд гарч буй өөрчлөлт, ажил олгогчдын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шилдэг туршлагад үндэслэн шилдэг ажил олгогч компаниудыг 14 төрөлд шалгаруулж, шагнал гардуулах “Good Workplace Awards 2023” ёслолын арга хэмжээ /2023.05.26/ MPM Event Hall-д зохион байгуулагдлаа.
Хүний нөөцийн цогц платформ болох “Nito” нь ажилтнуудынхаа карьер, эрүүл мэнд, гэр бүл, сэтгэл ханамж, цалин урамшуулал, ажиллах нөхцөл орчин, соёл, ажил амьдралын тэнцвэрт байдалд чиглэсэн ямар үр дүнтэй бодлого санаачлага хэрэгжүүлсэн зэрэг орчин үеийн гол шалгууруудыг үндэслэн шилдэг ажил олгогчдыг тодруулсан гэдгийг шүүгчид онцолсон юм.
Шилдэг ажил олгогч нарыг шалгаруулах тус арга хэмжээний “Good workplace for Family support” буюу “Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч байгууллага”-аар Үндэсний үйлдвэрлэгч Монцемент Билдинг Материалс ХХК хоёр дахь удаагаа шалгарлаа. Шагналыг тайзнаа Монполимет Группийн Үйл ажиллагааны захирал Б.Дэлгэр, Монцемент Өргөн үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсийн менежер Б.Болд-Эрдэнэ, Монцемент Билдинг Материалс ХХК-ийн Хүний нөөцийн менежер О.Цэвээнгэрэл нар хүлээн авлаа.
Энэ үеэр Монполимет Группийн Үйл ажиллагааны захирал Б.Дэлгэр “Манай байгууллага хоёр дахь удаагаа гэр бүлд ээлтэй шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа. Ажил бол хүний хоёр дахь гэр бүл байдаг. Тийм учраас манай компани ажилчдынхаа ая тухай орчинд ажиллах, амьдрах орчныг цогцоор нь шийдэж өгөхийг анхнаасаа зорьсон. Манай компани Улаанбаатар хотоос 550 км зайтай хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулахдаа ажиллах хүч, хүний нөөцөө тогтвортой байлгаж, ажлын байраа тогтвортой хадгалах зорилгоор шинэ суурьшлийн бүсийг байгуулсан.
Өнөөдрийн байдлаар ажилчиддаа зориулж 200 гаруй айлын орон сууц барьж, үйлдвэрийнхээ хажууд ажилчдын хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэх төв ажиллуулж байна. Тухайн ажилтан ганцаараа үйлдвэрт ажиллахгүй гэр бүлийн хүнийг нь боломжит ажлын байранд авч ажиллуулдаг нь бидний бас нэг давуу тал. Үр дүнд нь манай байгууллагын хамт олон, ажиллагсад ар гэртээ ямар нэгэн байдлаар санаа зовох зүйлгүй, идэвхитэй, бүтээмжтэй, тууштай ажиллаж, гэр бүлтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлэх боломж бүрдсэн.
Төвлөрөлийг сааруулах бодлого улсын хэмжээнд яригдаж байгаа энэ үед хувийн хэвшил өөрсдийн санаачилгаараа нийслэл Улаанбаатар хотоос 550 км цаана суурьшлийн бүс бий болголоо. Дорноговь аймгийн Өргөн сум 500 орчим оршин суугчтай байсан бол өнөөдөр 3000 орчим оршин суугчтай болтлоо өргөжөөд байна.
Түүнчлэн бид эх орондоо үнэ цэнтэй инженер техникийн ажилчдыг бэлтгэж байна. Заавал гадаадын их дээд сургуульд очиж суралцах шаардлагагүй, өндөр мэргэшил бүхий гадаадын инженер техникийн экспертүүдийг үйлдвэр дээрээ авч ирж ажиллуулснаараа манай үйлдвэрийн ажилчид олон улсад үнэлэгдэхүйц, хүлээн зөвшөөрөгдсөн, “WHR” системийг ажиллуулах болоод бусад техникүүдийг ажиллуулах мэдлэг, дадлыг олж дараагийн үедээ нутагшуулах ийм боломжуудыг бий болгож байгаа нь хамгийн том давуу тал юм” гэлээ.
Монцемент Өргөн үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсийн менежер Б.Болд-Эрдэнэ “Миний хувьд их сургуулиа төгсөөд өөрийн нарийн мэргэжлээрээ ажиллах, ажил дээрээ сурч, өсч хөгжих нь маш чухал байсан. Ингээд компаниа сонгоод хөдөө ажиллахаар явахад гэр бүлээ хотод үлдээх шаардлага тулгарч байсан. Гэтэл Монцемент үйлдвэрийн хувьд энэ асуудлыг шийдэж гэр бүлээрээ хамтдаа ажиллаж, амьдрах боломжоор хангаж өгсөнд маш их баяртай байдаг.
Бид хамтдаа хөгжиж, хамтдаа ажиллаж, үр хүүхэд маань эрүүл, аюулгүй орчинд сурч боловсорч байгаа нь маш сайхан санагддаг. Хэдийгээр хөдөө ажиллаж амьдарч байгаа ч хот суурин газраас ялаагүй халуун, хүйтэн устай, цэвэр тохилог орон сууцанд амьдарч, чөлөөт цагаараа фитнессээр хичээллэх боломжоор хангасан нь ажиллах, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг. Тийм учраас өнөөдөр Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч байгууллагаар хоёр дахь удаагаа шалгарсанд маш их баяртай байна” гэв.
Монполимет Группийн хувьд, байгууллагын хамгийн үнэт зүйл бол ажилтнууд хэмээн тодорхойлдог бөгөөд ажилтнуудаа болон тэдний гэр бүлийг дэмжих чиглэлээр үр дүнтэй бодлого баримталж, хэрэгжүүлж ирсэн. Тус группийн салбар компаниудын нэг Монцемент Билдинг Материалс ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа л монгол залуусыг эх орондоо, гэр бүлээрээ тав тухтай, өрсөлдөхүйц цалин урамшуулал, ажиллах нөхцөлөөр хангагдсан, амьдрах таатай орчинд амьдрах боломжийг бүрдүүлж өгсөн юм. Дорноговь аймгийн Өргөн суманд үйл ажиллагаа явуулдаг Монцемент ХХК-ийн ажилтан гэр бүлийн хамт “Шинэ Өргөн” хороололдоо амьдарч, ажилтай, орлоготой, үр хүүхдийнхээ сурлага хүмүүжилд санаа зовохгүйгээр амьдарч болдог жишгийг үлгэрлэн харуулж байна. Мөн ажлын цагийн уян хатан нөхцөл, цахимаар ажиллах боломж зэрэг ажлын байрны давуу талууд бий болгож ажилтнуудаа бүх талаар нь дэмжиж иржээ.
П.Нарандэлгэр