Гадаад харилцааОнцлох

Унгарын ЭСЯ Веспрем хот болон рубик шоог онцоллоо

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг”-ийг /2023.05.14/ зохион байгууллаа. Өдөрлөгт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшин, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө болон гишүүн орнуудын Элчин сайд нар оролцлоо.

Өдөрлөгийг нээж Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз хэлэхдээ “Энэ удаагийн “Европын өдөрлөг”-т Монголыг хамааран Бээжин, Сөүл хотод хавсарч суудаг Европын холбооны гишүүн орнуудын Элчин сайд нар зорьж ирсэн. Цар тахлаас үүдэн 2019 оноос хойш ийм олон Элчин сайд нэг дор цуглаагүй удсан байна.

Гэрэл зургийг ulaanbaatar.mn -ээс авав

Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд ойролцоогоор 150 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжиж байна. Тодруулбал, эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэх, засаглалыг сайжруулах, шүүх засаглалыг дэмжих чиглэлээр эрчим хүч, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжил, ойн чиглэл гэх мэт олон салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Өдөрлөгт ирсэн иргэд өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Европын холбооны өдөрлөгт нийт 70 орчим байгууллага төсөл хөтөлбөрөө танилцуулснаас гадна Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулах, хөгжөөнт тоглоом тоглох, урлагийн тоглолт үзэх, шенгений виз хэрхэн авах, аялах боломжийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл авсан юм.

Өдөрлөгт оролцогчдоос Унгарын ЭСЯ-ыг онцолж байна.

Унгар, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа юм. Тухайлбал, Унгарын Засгийн газрын Stipendium Hungaricum тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд жил бүр 200 монгол оюутан Унгарт суралцаж байна. Унгар Улсад суралцахыг хүсэгч буюу Унгарын боловсролыг сонирхох хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. 2023-2024 оны хичээлийн жилд өмнөх жилүүдээс дөрөв дахин нэмэгджээ.

Унгарын ЭСЯ-наас энэ жилийн өдөрлөгт Унгар орны технологи, инновацийн хөгжил, үндэсний жигнэмэг, рубик шоо зэрэг дэлхийд танил онцлох зүйлсээ танилцуулсан юм. Мөн Дэлхийн эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжигч, Унгарын нэрт яруу найрагч Пэтөфи Шандорын мэндэлсний 200 жилийн ойд зориулан бүтээсэн ном зэргийг танилцуулж байв.

Рубик шоог Унгарын архитектор Рубик Эрнё бүтээжээ

Энэ үеэр “Нүүдэлчин Рубик” клубын хүүхдүүд богино хугацаанд шоог эвлүүлэх ур чадвараараа өрсөлдөж, оюуны болон хурууны хурд хэрхэн хөгжиж байгаагаа харууллаа.

“Нүүдэлчин Рубик” шооны клубийн багш дасгалжуулагч Н.Сэргэлэнбат

“Унгарын зохион бүтээгч, архитектор Рубик Эрнё 1974 онд “Шидэт шоо” гэдэг нэртэй Рубик шоог анх зохион бүтээсэн. Шооныхоо анхны загварыг хийхдэээ тоглоом болгоё гэсэн санаа байгаагүй. Зүгээр л зургийн хичээлд ашигладаг олон деталийг авч явах нь асуудалтай байсан болохоор нэг бүхэл тэгэхдээ олон задарч хувирч болдог бүтээл хийхийг зорьж байгаад шоог бүтээж байсан. Тэгээд түүнийгээ хийчихээд өнгөөр ялгасныхаа дараа өөрөө хэвлүүлэх гэж 45 хоног оролдоод амжилтгүй болж байсан гэдэг. Хэсэг хугацааг зарцуулж, эвлүүлж сураад түүнийгээ олон нийтэд танилцуулж, үйлдвэрлэж эхэлж байсан түүхтэй. Манай “Нүүдэлчин Рубик” шооны клубын хувьд рубик шооны сургалт болон тэмцээн уралдаануудыг зохион байгуулж ажилладаг. Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 7 клуб ын нэг манай клуб. Манай клубын гишүүд “Европын өдөрлөг”-т Унгар улсын асарт үйл ажиллагаагаа танилцуулж оролцож байна. Мөн бид нар Эрнё Рубикийн хөрөг зургийг 1200 ширхэг шоо ашиглаад хийсэн. Мозаик арт буюу шигтгэмэл олон жижиг зүйлсийг ашиглаад нэг том бүтээл хийх төрөл. Энэ аргачлалыг ашиглаад шооны 6 өнгөөр бүтээлээ хийж, олон нийтэд дэлгэн харуулж байна.

Весперн хотыг 2023 оны Европын соёлын нийслэл болгожээ

2023 онд Унгар Улсын Веспрем хотыг Европын соёлын нийслэл хотоор тодруулсан байна. Веспрем хот нь Бакони-Балатон бүс нутгийн хамтаар Европын холбооны хамгийн нэр хүндтэй соёлын хот гэдэг нэрийг хүлээн авч нэгдүгээр сарын 21-нээс эхлэн олон сонирхолтой арга хэмжээ, хөтөлбөрүүдийг зохион байгуулж байгаа аж. Европын соёлын нийслэл (ECoC) санаачилга нь Европын холбооны соёлын бодлогын хамгийн чухал хөтөлбөрийн нэг бөгөөд Европын ард түмнийг соёлоор дамжуулан ойртуулах зорилготой юм байна. Бүтэн нэг жилийн туршид үргэлжлэх хөтөлбөрүүд нь хөгжим, театр, урлаг, бүжиг, дарс, хоол хийх зэрэг олон чиглэлээр зохиогддог байна.

Цаг агаарын таатай уур амьсгалтай, байгалийн үзэмж төгс Веспрем хотод V-IX дүгээр сарыг дуустал гудамжны хөгжимчдийн шилдэгийг шалгаруулах уралдаан зохиогддог уламжлал тогтоод 23 жил болжээ. Олон улсын 200 орчим уран бүтээлчид оролцож, 12 талбайд нэг орой 24, өдрийн цагаар 20 концерт тоглож, өдөр бүр 20 мянган үзэгч ирж сонирхдог өвөрмөц хөгжмийн арга хэмжээнд тооцогддог байна. Тус уралдааныг өдгөө олон улсын алдартай шүүгчид шүүж, ялагч нь 5000 еврогийн мөнгөн шагнал хүртдэг нэр хүндтэй наадам тооцогдох болсон байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөгжимчид тоглолтоо хийгээд буцах гэж яаралгүй, тус хотод дөрөв хоног саатаж, хотын амьдралын салшгүй нэг хэсэг болох ёстой гэж үздэг. Тэд хотын оршин суугчидтай хамт сэрж, өглөөний цайгаа ууж, дуулж, бүжиглэж, инээлдэж, найз нөхөд, шүтэн бишрэгчидтэй болох нь маш чухал гэдгийг хэдийнэ мэддэг болжээ. Энэ өдрүүд бол уран бүтээлчдийн хувьд насан туршийн мартагдашгүй дурсамж үлдээж, гудамжны хөгжмийн наадмын  дахин давтагдашгүй түүхийг бүтээх боломжийг олгодог байна.

Зөвхөн соёлын арга хэмжээгээр хязгаарлагдахгүй бөгөөд тухайн хотын байгаль орчны тулгамдсан асуудалд олон нийтйин анхаарлыг хандуулсан ажлууд ч хийдэг гэнэ. Тухайлбал, Балатон нуур болон түүний ус цуглуулах бүсэд тулгарч буй экологийн сорилтуудын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, сонирхолтой үзүүлбэрүүдээр дамжуулан залуучуудыг татан оролцуулах, хүмүүсийн бие биетэйгээ, хүрээлэн буй орчинтойгоо уялдаа холбоотой хамтран амьдрах соёлыг бэхжүүлэхэд чиглэсэн ажлууд хийж байгаа аж.

Тиймээс Унгар Улсад суралцаж байгаа монгол оюутнууд маань Европын Соёлын нийслэл хот болох Веспрем хоттой танилцах боломжтой бөгөөд тус хотын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доор линкүүдийг дарж аваарай Унгарын ЭСЯ-наас зөвлөлөө.

Вэб хаяг: https://veszprembalaton2023.hu/en (Англи хэл) https://veszprembalaton2023.hu/de (Герман) https://helloveb.hu/

Facebook: https://www.facebook.com/VeszpremBalaton2023/

Instagram: https://www.instagram.com/veszprembalaton2023/

YouTube: https://www.youtube.com/channel/UCEXXLKVQnFKDbOlptyY5S6A/featured

Подкаст: https://bit.ly/2023_spotify

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close