Гадаад харилцааFocus

Узбекстан Улстай тээвэр логистикийн чиглэлд хамтран ажиллахаар ярилцав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд сайд Б.Батцэцэг Узбекистаны Тээврийн сайд И.Махкамовтой уулзалт хийв.

Сайд Б.Батцэцэг манай хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд гэдгийг онцлоод Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Узбекистан Улстай дэд бүтэц, тээвэр логистик, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Мөн Узбекистан Улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс орнуудын зах зээлд нэвтрэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд тээврийн саад тотгорыг даван туулах талаар харилцан туршлага солилцох талаар дэлгэрэнгүй ярилцав.

Талууд хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдтэй харьцуулахад 3 дахин нэмэгдсэнийг дурдаад цаашид Агаарын харилцааны тухай болон Авто тээврийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах ажлыг эрчимжүүлж, хоёр улсын хоорондын шууд нислэг үйлдэх эрх зүйн үндсийг бүрдүүлснээр харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх төдийгүй иргэдийн солилцоо, аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжихэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг санал нэгтэй тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан 2022 оны 6 дугаар сараас эхлэн хоёр улсын иргэд 30 хоног хүртэл харилцан визгүй зорчдог болсон тохиролцоог хоёр улсын иргэдэд сурталчилан таниулж, аялал жуулчдын тоог үлэмж нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close