Шинэ мэдээ

“Сендайн дунд хугацааны тайлан” сэдэвт үндсэн хуралдааныг нээлээ

Австралийн Холбооны Улсад зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын сайд нарын бага хуралд бүс нутгийн 40 гаруй орон болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна. Тус хурлын “Сендайн дунд хугацааны тайлан” сэдэвт үндсэн хуралдааныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж үг хэллээ.

Тэрбээр илтгэлдээ “Ази-Номхон далайн түншлэлийн форумаар 2021-2024 онд хэрэгжүүлэх Ази-Номхон далайн бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө 2021 онд батлагдсан. Уг төлөвлөгөөний дагуу бид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалд шинэ арга барилаар өөрчлөн хэрэгжүүлэх, өргөжүүлэх, сайн туршлага, шинэ инновацыг нэвтрүүлэхэд зорьж байна.

Дээрх баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд улс орнуудын боловсруулж буй дунд хугацааны тайлан илтгэлд тусна гэдэгт илтгэлтэй байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүн бүрийн үүрэг оролцоо чухал. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцогч бүх талууд ялангуяа, иргэний нийгмийн байгууллага, шинжлэх ухаан судалгааны байгууллага, бизнесийн болон хувийн хэвшлийн байгууллага улс орны гамшгийг даван туулах чадавхыг бий болгоход ихээхэн оролцоотой.

Оролцогч талуудын 2015 оноос хойш хэрэгжүүлсэн санал санаачилга, судалгаа, техник технологи, инновац, ололт, хүндрэл бэрхшээл, цаашид талуудын анхаарах бүх арга хэмжээг энэхүү дунд хугацааны тайлан илтгэлд тодорхойлон оруулж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.


Ази, Номхон далайн бүсийн гамшгийн эрсдэлийг бууруулах, түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар бүс нутгийн улс орнуудтай цаашид ч бүх талаар хамтран ажиллахдаа таатай болно” гэсэн юм.

Мөн тэрбээр Ази, Номхон далайн орнуудын гамшгийн асуудлаарх сайд нар, Төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцон Монгол Улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулахад хууль эрх зүйн болон бүтэц зохион байгуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг танилцуулснаас гадна бүс нутгийн хэмжээнд хамтран авч хэрэгжүүлэх ажлуудын талаар санал бодлоо хуваалцлаа. Бага хурлын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close