Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн дэд захирал, доктор Б.Баатарцолын “2022 оны тариа хураалтад харгалзах онцлог” зөвлөмжийг хүргэж байна.
2022 оны хувьд хавар хөрсний чийг харьцангуй сайн байсан, зуны хугацаанд хэвийн болон ахиу хур тунадастай байснаас үзвэл байгаль цаг агаараас шалтгаалсан ургац буурах, тарианы болц оройтох, будааны чанар буурах ямар нэг шалтгаан үүсээгүй. Харин баруун бүс нутаг түүний дотор ахиу тариалан бүхий Увс аймагт зуны эхэн хагаст гантай байснаас ургацын хэмжээ багасах нөхцөл бүрдсэн.
Бүс, нутагтаа тохиорсон сорт сонгоогүй, тарих хугацаа оновчтой биш, үрийн чанар, тариалалтын болон ургамал хамгааллын арга хэмжээ хийхдээ технологийн алдаа гаргасан зэргээс шалтгаалан ногоон тариа /подгон/ ургасан, зарим газарт лууль, бог будаа мэтийн хог ургамал түрэх, улмаар тарианы болцыг оройтуулах, үтрэмийн ажлыг хүндрүүлэх төлөвтэй байгааг эс тооцвол тарианы болц болон хураалтад их хүндрэл гарахааргүй ерөнхий төлөв ажиглагдаж байна. Гэвч талбай тус бүрийн тарианы болц, алаг цоог байдал, хураах техникийн хүчин чадал, цаг агаарын байдлыг үнэлэн хураах арга, хугацаа, технологио тариаланчид боловсруулж мөрдөх нь зүйтэй.
Тариа хураах арга хэмжээ нь тариаланчдын 2 жилийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд хураалтыг хугацаа алдахгүй хаягдалгүй явуулах нь энэ тэргүүний асуудал юм. Хураах хугацааг эртдүүлэх, эсвэл оройтуулах, хадах, дамжуулах, цайруулах зэрэг комбайны эд ангийн тохируулгыг тааруулаагүй зэрэг олон шалтгаанаас 1.2-5.5 ц/га хүртэл тариа хаягдаж байгааг манай судлаачид тогтоосон байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан 9-10 сарын урьдчилсан мэдээллээр энэ намрын цаг агаарын төлөв харьцангуй аятайхан байх төлөв байна. Ялангуяа хураалт эрчимтэй өрнөх 9-р сарын 10-даас хойш хур тунадас багатай, хураалтад таатай нөхцөл бүрдэхээр байна. /tsag-agaar.gov.mn/
Харин Төв бүсийн зүүн хойт хэсэг, Зүүн бүсийн хойт хэсэг болон Халх гол орчмоор ахиу тунадастай байж болохоор зураглал гарсан байна.
УГТХҮРЭЭЛЭНГИЙН ДЭД ЗАХИРАЛ, ДОКТОР Б.БААТАРЦОЛ