Байгаль орчинЯрилцлагаОнцлох

Я.Ариунзул: Шинжлэх ухаан, үйлдвэрлэл хосолсон анхны загварыг бүтээнэ

Эрдэнэт үйлдвэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 100 сая мод тарих үүрэг амлалт авсан. Үүний тулд шинжлэх ухааны үндэстэй цогц үйл ажиллагаа явуулах Ойн инновацийн “Эрдэнэт” парк байгуулж байна. Энэ хүрээнд Эрдэнэсийн хотод цоо шинэ ойлголт, технологи, соёл, хандлага төлөвшиж, ирээдүйн хөгжлийн шинэ гарц болох байгальд ургадаг “ногоон алт”-ны “уурхай” бий болгохын төлөө эрдэмтэн мэргэжилтнүүд зорьж байна. Энэхүү ажлын арга техник, явц, ирээдүйн талаар “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга, доктор Я.Ариунзултай ярилцлаа.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Эрдэнэтэд шинэ соёл, үйлчилгээ, хөгжлийн шинэ боломжийг нээнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Ажил хэр урагштай яваа вэ? 

-Эрдэнэт үйлдвэр хүрэн эдийн засагтай, Монголын уул уурхайн хөгжлийг тодорхойлогч үйлдвэрийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж 100 сая мод тарих үүрэг амлалт авсан. Жилийн 10 сая модыг зүгээр нүх ухаад, уламжлалт аргаар тарьдаг юм биш. Энэ бол цоо шинэ ойлголт, цоо шинэ технологи, экологийн цоо шинэ боловсрол, хандлага. Иймээс 100 сая мод тарихтай холбоотой төслүүд хэрэгжиж байна.  

-Ойн инновацийн “Эрдэнэт” паркийн бүрэлдэхүүнд юу багтаж байгаа вэ?  

-“Ойн инновацийн парк” гэдгийг бид нэрлээгүй. Монгол Улсын инновацийн 7 хоног гэж болсон юм. Энд Эрдэнэт үйлдвэр оролцсон. Шинжлэх ухааны академи “Танайх  инновацийн ийм том парк хийж байж яагаад зарлахгүй байгаа юм бэ…” гээд хөтөлбөрт ороогүй байхад санал тавиад манай ажилтанд таван минут илтгэл тавих эрх олгосон. Эндээс, “энэ бол жинхэнэ инноваци”… гэдгийг онцлоод, Эрдэнэт үйлдвэр Ойн инновацийн парк байгуулж байгааг зарласан. Ойн инновацийн “Эрдэнэт” паркийн бүрэлдэхүүнд Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв, Хөрс биотехнологийн “Эрдэнэт” төв, Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолбор, “Ногоон хөгжлийн төв” багтаж үйл ажиллагаа явуулна. 

-Ойн генетик нөөцийн төвийг Монголд анх удаа байгууллаа. Үрийн банкаа хэрхэн үүсгэж байна? 

-Олон улсад бол “Гене банк” гэж нэрлэдэг. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Яагаад гэхээр, цөлжилт асар хурдтай явагдаж байна. Байгалийн нэн ховор, ашигтай ургамал асар хурдтай сүйдэж байна. Тэгэхээр манай генетик нөөцийн төв 1000 тонны багтаамжтай. Байгалийн ургамлыг хаанаас л бол хаанаас түүгээд манайд хадгалуулна. Нэгдүгээрт, устаж үгүй болж байгаа байгалийн ургамлынхаа генетик нөөцийг хадгалах юм. Хоёрдугаарт, модлог ургамлын банк, үрийн том нөөц бүрдүүлнэ. Түүгээрээ эргээд иргэдийг хангана гэсэн үг. Бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн … дугаар ангитай гэрээ байгуулаад, тэднээр ажил гүйцэтгүүлж байгаа. Эхлээд тэд, “370 кг гэдэг маш их үр байна. Бид түүж чадахгүй, хэмжээг нь багасгая” гэсэн санал тавьж байсан. Мэргэжлийн хүн дагуулаад гаргахад долоо хоногийн хугацаанд 500 кг үр түүсэн. Энэ жилийн хувьд манай ажил хэдийгээр оройтсон ч амжлаа. Энэ 500 кг үрийг Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Улаанбаатарт, Говьсүмбэрт гээд олон газар тариад, харьцуулах юм. 

-Үйлдвэрийн дүүрэгт ногоон бүс бий болгож байгаа талаараа ярих уу? 

-Шинжлэх ухааны түвшинд үрээр тарилт хийж байгаа нь Монголд анхны тохиолдол. Энэ дээр хоёр хүрээлэн зөвлөхөөр оролцож байна. Ард нь эрдэм шинжилгээний агротехникүүд ажиллаж байна. Хайлаасны үрийг зүгээр түүгээд шууд тарьчихдаггүй. Маш нарийн технологи, арга ажиллагаатай. Ойн генетик нөөцийн төвийн бүх үйл ажиллагаанд инноваци шингэсэн. Лабораториудыг Шинжлэх ухааны академийн мэргэшсэн эрдэмтэд виртуал хэлбэрээр удирдах юм. Өөрөөр хэлбэл виртуал хэлбэрийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл хосолсон анхны загварыг Эрдэнэт үйлдвэр туршиж байна. Хөрс бэлтгэл дээр ялгаагүй, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн виртуал хэлбэрээр хамтарна.

-Энэ ямар хөрс байх вэ? 

-Нарс бол нарсанд зориулсан, шинэс бол шинэсэнд зориулсан, микоризтой буюу ашигт бактеритай хөрс бий болох юм. Энэ бас Монголд анх удаа хийгдэж буй ажил. Шведүүд сая ирэхэд бид “Микоризтой хөрс хийх гэж байгаа” гэсэн чинь “Та нарт боловсон хүчин нь байгаа юм уу?” гэсэн. “Эрдэмтэд байна, боловсон хүчин нь байна, үйлдвэрлэл нь байна” гэж хэлэхэд “Швед технологи нэвтрэхэд “шүдний өвчин” болж байгаа асуудлыг танайх шийдчихсэн юм байна” гээд их олзуурхсан. Микоризтой хөрс шийднэ гэдэг маш чухал. Шведээс авчирна гэхээр холоос замын зардал өндөр учраас хэцүү. Хятадаас авна гэхээр хөрс дагаж юу ч орж ирж мэдэх болохоор асуудалтай. Ийм учраас Ойн инновацийн парк маш чухал байгаа юм. Энд ойн генетик нөөцийн үрийн банк байна. Хөрсний микоризтой биотехнологийн төв байна. Дээрээс нь нэг сая тарьцыг нэг хүн гуравхан өдөрт тарьдаг Швед технологи байна. Энэ бүгд Монголд анх удаа хэрэгжиж, нэвтэрч буй ажил. Мөн тарилтууд том төслүүд болно. 

-Гол дагуулан мод тарихаар төлөвлөсөн. Энэ ямар ач холбогдолтой вэ? 

-Эрдэнэт, Хангалын голыг дагасан намрын мод тарилтыг хийнэ. Энэ мөн л Монголын түүхэнд анхны ойн плантац буюу модны ус зохицуулах, усны нөөц нэмэгдүүлэх ажил. Өөрөөр хэлбэл гол дагаад Эрдэнэт хотод бургасан шугуй үүснэ. Голын ус нэмэгдэнэ. Зөвхөн Эрдэнэтийн биш, “Тэрбум мод”-ны үндсэн дэд бүтцийг энд бий болгож, суурь асуудлыг шийдвэрлэж байгаагаараа ач холбогдолтой.  

-Жишээ нь, Ойн генетик нөөцийн төвийн 10 жилийн дараах ирээдүйг Та хэрхэн төсөөлж байна? 

-Иргэдийн орлого маш их нэмэгдэнэ. Иргэд самарт явдаг шиг байгалийн модны үрэнд явдаг болно. Малчид үр түүгээд тушаадаг болно. 10 жилийн дараа магадгүй,  Монгол Улсад генетик нөөцийн хоёроос гурван төв бий болж, сүлжээ болох болов уу. “Тэрбум мод” хөдөлгөөн хэрэгжээд дуусаж байх үе юм байна. Тэгэхээр мод тарих, ургуулах үйл ажиллагаа бүр хувьсгал болчихсон байна. Долдугаар сард байсан ч зуслангийн хашаандаа мод тарих гэж байгаа хүн манайхаас үр авдаг, мэргэжлийн зөвлөгөө тусламж авдаг болсон байна. Монгол Улсын хаанаас ч үр, суулгац, тарьц захиалах боломжтой. Ямар ч модны үрийг шуудангаар илгээчихдэг. Тийм хэмжээнд 10 биш, таван жилийн дараа гэхэд хүрчихнэ.   

-Монголдоо анхдагч болох олон ажил, төсөл хэрэгжүүлж байна. Тэгэхээр туршлагатай ажилтнууд тун цөөхөн байгаа нь ойлгомжтой. Энд ямар аргачлал ашиглаж байна?  

-Тийм учраас зөвлөх үйлчилгээг маш их хөөцөлдөж байж оруулсан. Нэг нь Шинжлэх ухааны академи, нөгөө нь Ургамал, газар тариалангийн хүрээлэн. Монгол Улс эрдэмтдээ ашиглаж хөгжих цаг ирсэн. Алийн болгон тендер нэрээр цүнх барьсан компанийг шалгаруулж, нөгөөдүүл нь эрдэмтдийн хийснийг хуулж бичээд, бие биеэ хуурч, аргацаан хөгжлийг гацаах юм бэ. Тендер зарлаад, мөнгө хэмнээд байгаа юм шиг боловч, цаанаа улсын мөнгийг үргүй зарж байгаа юм. Тиймээс бид зөвлөх үйлчилгээг шинжлэх ухааны түвшинд авна. Бидний мэдлэг чадвар хэдийгээр хүрэхгүй байлаа ч тэр чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд Монголд байгаа нь аз. Жишээлбэл, хайлаас, улиас, бургас, алим, чавга гээд бүх чиглэлээр дагнан мэргэшсэн эрдэмтэд байна. Харин мэргэшсэн эрдэмтдээ үйлдвэртэй холбож ашиглахгүй байсан. Тэр хүмүүсийн ноу-хауг бид үйлдвэрлэл болгон нэвтрүүлэх хэрэгтэй. Нэн ялангуяа, 100 га талбайд жимсний мод тарихад Ургамал, газар тариалангийн хүрээлэнг түшиглэхгүйгээр жимсний плантац бий болгож чадахгүй. Хэн нэгэн хүн хашаандаа алимны 10 мод тарьсан байж болно. Гэхдээ онолын үндэсгүй, эрдэмтдийн мэдлэгийг ашиглахгүйгээр бид үйлдвэрлэлийн хэмжээнд, олон улсын стандартад нийцсэн плантац байгуулах боломжгүй. Плантац гэдэг нь эх ургамлын цэцэрлэг шүү дээ. 

-Эрдэмтэдтэй хэрхэн хамтарч байгаа вэ?   

-Орчин үе сайхан юм. Хамтын ажиллагаа виртуал хэлбэрээр явагдана. Энд лабораторийн лаборант нь ажиллаж байхад Шинжлэх ухааны академийн яг тэр лабораторийг хариуцсан секторын эрхлэгч нь манайд зөвлөж байх жишээтэй. Дагаад бид хүмүүсээ хөгжүүлнэ. Энэ төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс их аз завшаантай. Ялангуяа, залууст хөгжих, дэвжих үүд нээгдэж байна. Нэг талаасаа шинжлэх ухаантай холбогдоно, нөгөө талаасаа материаллаг бааз байна. Эдийн засгийн бүх боломжийг Эрдэнэт үйлдвэр хангаж өгч байна. Хүний амьдралд ийм боломж, хувь тавилан тийм олон тохиохгүй.  

-Одоо онгон байгалиараа байгаа газарт интоор, алим, чавга ургана гэхээр санаанд нэг л багтахгүй юм. Боломжтой гэж үү? 

-Боломжтой. Эрдэнэт үйлдвэр хөрөнгөө оруулж байна. Хамгийн гол нь мэргэжлийн  менежмент чухал. Цаг хугацаа алдахгүй байх хэрэгтэй. 10 жил гэдэг хүний амьдралд урт хугацаа мэт боловч модны амьдралд бол нярай үе. Монголд мод 80 хүрч байж үндсэн ашиглалтын үед хүрнэ. Хүнээр бол 18 нас хүрнэ гэсэн үг. Тийм болохоор цаг хугацаа алдаж болохгүй. 100 сая мод тарих, тэрбум мод тарих асуудал биш. 

-Мод үржүүлгийн газарт Швед технологи нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэж байна уу?  

-Олон давуу талтай. Швед улсын “Би Си Си” компанийн бүрэн автомат, мод үржүүлгийн газар 10 га-д байгуулагдана. Нэг хүн гуравхан хоногт нэг сая тарьц бий болгоно. Үүнийг Монголд өмнө нь 20 хүн бүтэн сар ажиллаад хийж чадахгүй байсан шүү дээ. Нэгдүгээрт, цаг хугацаа хэмнэж байна. Хоёрдугаарт, гурван жил тариад ууланд гаргадаг ойжуулалтыг тэд нэг жилд хийнэ. Өөрөөр хэлбэл хоёр жилийг хэмнэж байна гэсэн үг. Гуравдугаарт, амьдрах чадвар өндөр, өсөлт сайн. Мод үржүүлгийг дагаад мод ашиглалт зайлшгүй яригдана. Тариад л байдаг, ашиглахгүй байж болохгүй. Байгаль өөрөө үүнийг зөвшөөрдөггүй. Монголчууд мод огтолсон болгоныг буруутгадаг. Энэ ёстой буруу үзэл. Шведийн мэргэжилтнүүд ирээд “Та нар яагаад модоо огтлохгүй байгаа юм бэ. Арчилгааны огтлолт хийхгүй байсаар наад ой чинь сүйрлээ ш дээ” гэж байсан. Арчилгааны огтлолт хийхээр ойн чанар сайжирдаг байгалийн жамтай. Энэ ажиллагаа манай дээр мөн явагдана. Дээрээс нь бид зурвасаа дандаа эх ургамлын плантац болгохоор төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл зурвастаа цэцэгтэй, жимст мод тариад тэрийгээ эргүүлээд Эрдэнэтийн ард түмэнд нийлүүлнэ. Алим, үхрийн нүд улс даяар нийлүүлнэ. Эрдэнэт үйлдвэрийн нөөц дуусахад “ногоон алт”-ны “уурхай” энд бий болно. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр гэдэг шиг Ойн инновацийн “Эрдэнэт” парк энэ хотыг тэжээнэ. Бид хөгжлийн шинэ боломжуудыг нээж байгаа гэдэгтээ бүрэн итгэж, урамшдаг.

-Баярлалаа.        
 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close