Уул уурхай

Бурхан багшийн зээгт наамлыг шүншиглэн заллаа

Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15, Бурхан багшийн их дүйчин өдрийг бурхан шашны сүм хийд, лам хуврагууд сүсэгтэн олны сайн сайхны төлөө ном хурж, булт олноороо буян номын үйлсэд шамдахыг уриалдаг. Энэхүү дэг жаягийн дагуу Орхон аймгийн “Бурхан багшийн сэрэг дүр” орон нутгийн өмчит их шүтээн цогцолбор, Жалданжанчүвлин хийдэд ард олны тусын тулд /2022.06.14/ буян номын үйл ажиллагаа боллоо.

Үүний хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн ажилтан, Монгол Улсын “Уран хатгамалч” С.Саранцэцэг тэргүүтэй Чанарын хяналтын хэлтсийн ажилтан О.Жаргал, ҮААЦ-ийн ажилтан Ё.Энхмаа, Соёл, урлагийн цогцолборын ажилтан Ч.Сарантуяа нарын дөрвөн уурхайчин бүсгүйн урласан Бурхан багшийн дүр бүхий зээгт наамлыг шүншиглэж, адисаллаа. Бурхан багшийн дүрийг хоёр шавийн хамт зээгт наамлаар урласан тус бүтээлийг уурхайчин бүсгүйчүүд зургаан сарын турш урлаж, 2019 онд тус хийдэд гардуулж өгч байжээ.

Цар тахлын хорио цээртэй холбоотойгоор ийнхүү 2 жилийн дараа сүсэгтэн олонд толилуулж, шүншиглэж залж байгааг бурхан бүтээгч Ч.Сарантуяа ярилаа. Тэд энэхүү бүтээлдээ ажлаас бусад бүх цаг зав, сэтгэл оюунаа зориулж, энэ ажлын ард гарахад тусалж дэмжсэн гэр бүл, найз нөхөд, хамт олондоо талархсанаа илэрхийллээ. Энэхүү Бурхан багшийн дүр бүхий зээгт наамал нь бурхан урлаач уурхайчин бүсгүйчүүдийн зургаан том бүтээлийн хоёр дахь нь юм байна.

Бурхан урлаач бүсгүйчүүд анх “Цагаан дарь эх” бурхан бүтээж, Эрдэнэт үйлдвэртээ бэлэглэж байсан юм. Зээгт наамлын онцлог нь торгон дээр торгоор зурах нарийн чимхлүүр ур чадвар шаарддаг ажээ. Бурхан багшийн зээгт наамлыг шүншиглэх ёслолд Орхон аймгийн Соёл, урлагийн газрын дарга А.Уранчимэг, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Баасансүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Соёл, урлагийн цогцолборын дарга Б.Баттулга нарын албаны хүмүүс, сүсэгтэн олон оролцож бурхан бүтээгч бүсгүйчүүдэд баяр хүргэв.

Мөн энэ үйл ажиллагаанд зориулж, мандал өргөж, бурхан бүтээсэн бүсгүйчүүдэд Жалданжанчүвлин хийдийн зүгээс талархал гардууллаа. Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан нийт сүсэгтэн олонд буян хишиг арвижих, 1000 удаа тарни уншиж, гороо эргэж, мандал өргөх Маналын дончид ном хурж, нийт хүн зон, хамаг амьтны сайн сайхан, барцадгүй, амар мэнд байхын ерөөл айлтгаж байгааг хийдийн Хамба лам Д.Мөнхтогоо онцлон ярилаа. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close