Швед улсад модыг “ногоон алт” хэмээн нэрлэдэг
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсад ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсын Ой судлалын хүрээлэнгийн Экеба дахь туршилт, судалгааны төв, Шведэд төвтэй Нордикийн Генетик нөөцийн төв, төрийн өмчийн ойн аж ахуйн “Sveaskog” компанийн Халлсберг дахь мод үржүүлгийн газарт тус тус ажиллалаа.
Швед улсад модыг “ногоон алт” хэмээн нэрлэдэг бөгөөд ойг тарьж ургуулах, нөхөн сэргээх замаар ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулсан арвин туршлагатай.
Тус улсын Ой судлалын хүрээлэн нь ойн менежмент, эдийн засаг, бүтэц, зохион байгуулалт, ойн генетик, экосистем дэх үйлчлэл зэргийг хамарсан суурь судалгааг хийж, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг талаараа танилцууллаа.
Харин Шведэд төвтэй Нордикийн генетик нөөцийн төв нь дэлхийн өнцөг булан бүрд ургадаг нэг сая гаруй ширхэг ургамлын үрийг хадгалдаг бөгөөд сургалт, судалгаа болон тарьц үржүүлгийн зориулалтаар үрээ нийлүүлдэг байна. Нордикийн генетик нөөцийн төвийн Гүйцэтгэх захирал Лиз Люкке Стеффенсен хэлэхдээ, “Ойн экосистемд биологийн олон янз байдал онцгой чухал бөгөөд олон төрлийн мод, ургамал бүхий ой илүү эрүүл, тэсвэртэй байдаг. Ийм учраас улс орон бүр генетик нөөцөө хамгаалахад анхаарал хандуулах ёстой” хэмээн онцолж байв.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсад үрийн аж ахуй байгуулах, ургамлын генетик нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх болон энэ чиглэлээр мэргэжилтнүүдээ тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, мэргэжил дээшлүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.
Швед улс нь жилд 400 сая орчим модны тарьц, суулгац бэлтгэдэг бөгөөд үүний 140 саяыг төрийн өмчийн “Sveaskog” компани дангаараа бэлтгэн хувийн болон улсын хэрэгцээнд нийлүүлж байна. Тус компани нь Швед улсын ойн сангийн 14 хувийг эзэмшиж, 2021 онд 1.3 тэрбум крон ногдол ашгийг төвлөрүүлжээ.
“Sveaskog” компани нь тайрсан нэг мод тутамд гурван тарьц суулгах зарчмыг баримталдаг. Халлсберг дахь мод үржүүлгийн газар нь тарьц үржүүлгийн бүрэн автоматажсан технологоор жилд 20 гаруй сая тарьц, суулгац бэлтгэж байна. Энд ургуулсан тарьц, суулгацыг нэг жилийн дараа тарихад бэлэн болдог хэмээн танилцууллаа.
Монгол Улсад одоогоор 200 гаруй мод үржүүлгийн газар ажиллаж байгаа бөгөөд жилд 10 сая орчим тарьц, суулгац нийлүүлэх боломжтой. Харин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудыг биелүүлэхийн тулд жилд хамгийн багадаа 100 сая тарьц, суулгац бэлтгэх үндэсний чадавхыг бүрдүүлэх шаардлагатай юм.
Иймд дотоодын мод үржүүлгийн газруудын чадавхыг сайжруулах, орчин үеийн автоматажсан технологийн шийдэл, инновацыг нэвтрүүлэх, цаашлаад ойн аж ахуйн салбарт төр, хувийн хэвшлийн хамтарсан зөв менежментийг сонгон авч төлөвшүүлэх нь чухал байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар онцоллоо.