Энхүүш: Хүн бүр хэзээ нэг өдөр анхны алхмаа хийдэг, миний дүү чи чадна гэж зоригжуулсан
“Хотулун гүнж” УСК-ны Ерөнхий найруулагч Энхүүш буюу С.Баасанжаргалтай ярилцлаа.
-Сайхан хаваржиж байна уу? Та “Хотулун гүнж”-ийн ерөнхий найруулагчаар ажилласан нь гэнэтийн явдал болсон гэсэн. Яг тэр мөчид юу бодогдсон бэ? Айдас, баяр хөөр, хариуцлагын мэдрэмж аль нь давамгайлсан бол?
~ Би ч анхандаа найруулагчийн багт орж ажиллахаар сэтгэл санаагаа бэлдээд ажиллаж байсан юмаа. Тэгээд яагаад ч юм, зураг авалтын өмнөхөн гэнэт намайг ерөнхий найруулагчаар сонгочихсон. Хамгийн түрүүнд их айдас төрсөн л дөө. Би чинь ийм том киног чадахгүйшүү дээ гэж өөртөө хэлж үзлээ. Дараа нь хариуцлага нөмрөөд ирсэн. Ийм хэмжээний том төсөлд ерөнхий гэдэг статусаар ажиллана гэдэг маш том хариуцлага намайг дараад ирж байгаа юм л даа.
Үндсэндээ энэ хоёр мэдрэмж л төрсөн дөө. Харин баярлах сэтгэл хамгийн сүүлд илэрсэн шүү. Яагаад сүүлд юм гэхээр тэр хүнд үед надад нэг хүн маш их зориг өгсөн. Тэр нь ерөнхий продюсер Болдхуяг ах. Намайг нэг орой дуудаж аваачаад, “За яаж байна, сэтгэл санаа хэр байна, битгий ай чадахгүй болов уу гэж битгий бод, чадна гэж зүтгэх хэрэгтэй!
Том амжилтанд хүрсэн хүн бүхэн анхны гараагаа хийдэг болохоор тэдэнд ч гэсэн айдас байсан. Хүн бүр хэзээ нэг өдөр анхны алхмаа хийдэг учраас миний дүү чи чадна гэж зоригжуулж билээ. Тэр явдал санаанаас огт гардаггүй юм. За тэгээд анхных бүтээл юм чинь гэлгүйгээр аль чадах бүхнээ шавхаал зүтгэсэн дээ. Өө тэгээд миний жинхэнэ найруулагч болно гэдэг өдий шүү дээ.
Энэ кинонд ажиллахдаа найруулагчийн хувьд ямар өнцөг гаргахыг хүссэн бэ? Энэ киног сэдэвлэсэн Хотол цагаан гүнж романыг анх хэзээ уншиж байв? Кино зохиол болгоход ямар бэрхшээл байсан бэ?
~ Найруулагчийн хувьд энэ киног орилдог хашгирдаг, уйлдаг маазардаг кино биш байгаасай, энэ чинь тулаант, туульсын, түүхэн бүтээл шүү дээ, тийм ч утгаараа хичэх ёстой гэж үзэж л ажиллацгаасан. Манайхны хувьд нэг ойлголт яваад байдаг. баатар гэхээрээ орилж хашиграад л, гүнж хатан гэхээрээ л уйлж унжаад л байж болохгүй. Дээрээс нь түүхэн баримтат кино биш, эпик буюу уран сэтгэмжийн тулаант кино учраас, фантаз шидэт реализмыг баримталсан.
Би анх 2019 онд романыг нь уншсан. Эх зохиол нь уншихад их ойлгомжтой, нүдэнд харагдаж бараг л гарт баригдах нь холгүй дүрслэл, уран сэтгэмжтэй, үйл явдалд шууд автаж номон дотор яваад орчихдог их сайхан бичигдсэн зохиолтой. Ийм үг байдаг даа, “Хамгийн шилдэг кино театр бол тархи юмаа” гэж тиймээс хүн бүхэнд таалагдсан зохиолыг кино болгоно гэдэг мэдээж адармаатай зүйл. Кино зохиолыг Шүүдэрцэцэг эгч бид хоёр мөн шүүмж бичээд байгаа Мөнгөнтэй хамтраад эхний хувилбараа гаргаж байв.
Гарсан киног ингэж байсан, тэгэх байсан гэж бичээд байдаг хүн зохиол байхаас нь ажилла гэж Мөнгөнийг дуудсан хэрэг. Гэхдээ бид дараа нь бөөнөөрөө сууж бүр эцсийн хувилбараа гаргасан. Эцсийн мөч хүртэл зохиолоо зассаар л байсан л даа. Харин тулаан болон бөхийн барилдаан зэрэг хэсгийг болон зарим диалогийг Болдхуяг ах үнэхээр сайхан нүдэнд харагдтал бичсэн юм шүү дээ. “Хотол цагаан гүнж” роман нь сайн бүтээл учраас өөрөөр хэлбэл киноны түүхйи эд нь сайн байсан учраас кино зохиол болгоход бэрхшээл бага тулгарсан .
Та бас өөрөө жүжигчин. Хэрэв энэ киноны найруулагч биш байсан бол аль дүрд нь тоглох сон гэж хүсэх байв?
~ Яахав жүжигчин хүн дүр голно ч гэж байх ёсгүй гэдэг. Хэрэвээ энэ кинонд би найруулагч биш байсан бол шууд л эсрэг дүр буюу Номхон хунтайжийн дүрийг гэх байсан. Яагаад ч юм, надад ямарваа зохиолын эсрэг дүрүүд их таалагддаг.
Хотулун гүнжийн найруулагчаар сонгогдох болсон шалтгаан тань “Гамлет” моно жүжиг гэж ярьсан байна лээ. Жүжиг найруулах, кино найруулах хоёрын ялгаа юу вэ? Цаашдаа кино, жүжиг найруулах уу? Маш гоё дүр санал болговол тоглох уу?
~ Юм гэдэг цаанаасаа л учиртай байдагт би итгэдэг. Анх Гамлет жүжгийн дараанаас энэ санал ирсэн болохоор би цаанаасаа гээд байгаа юм. Мэдээж жүжиг, кино хоёр өөр жанрууд. Өөр өөр мэдрэмжийг хүнд өгдөг. Гэхдээ зорилго нь нэг, зүгээр орчин нөхцөлөөс нь хамаараад үзэж байгаа хүнд ялгаатай мэдрэмж өгдөг.
Тайзны шийдэл гэж юм бий, түүн дээр тухайн жүжгийн зохиолыг яаж тавих нь найруулагчаар дамжиж жүжигчдээр илэрдэг. Тэнд гэрэл хэрхэн тавих, гэрлээр юу илэрхийлэх, зураачийн хийсэн тайзны эскизийг яажшуу амь оруулах гэх мэт бүхий л зүйлийг бодитоор үзэгчдэд хүргэдэг учраас киног бодвол амьд орчин бий болдог. Кино дүрслэлийн урлаг учраас кадрт гарч байгаа дүрсээр юуг яаж илэрхийлэх, яаж үзүүлэх үйлдэл нь кадрт өрнөх болохоор ямарч үйл явдлыг бодит мэт харуулах нь чухал.
Дүрсний хэл, тайзны хэл гэсэн хоёр арга зарчимаар л уран бүтээл тус тусын үүргээ гүйцэтгэдэг. Ер нь би цаашдаа найруулагчийн мэргэжлээр явах учраас жинхэнэ сайн найруулагч болох хүртлээ энэ хоёр ажлыг хйигээд л явна даа. Дүрийн хувьд бол үнэхээр сэтгэл хөдөлгөсөн дүр байвал тоглох байх, Гэхдээ үгүй ч байж мэднэ . \Инээмсэглэв\
-Амьдрал дээрх Энхүүшийн хийх дуртай зүйл юу вэ?
~ Хүн бүрт хийх дуртай юм байдаг. Тэр зүйлээ хийхээр сэтгэл санаа сайхан болдог. Надад хийх дуртай юм олон байдаг аа. Кофе уугаад элдвийг бодох дуртай. Нэг ёсондоо өөрөө өөрийгөө чагнаж, дотор хүнтэйгээ ярилцах хэлбэр юм уу даа. Зураг зурах дуртай. Зурж суухад сэтгэл санаа тайван болж тархин дахь хог новшоо цэвэрлэх сайн талтай гэж үздэг. Бас хоол хийх дуртай. Өөрөө амттай хоолонд дуртайг ч хэлэх үү, хоол хийх үед сэтгэл гаргах мэдрэмж хөгжихөд нөлөөлдөг гэж боддог юм.
Эзгүй арал руу явбал 3 кино, 3 ном авч яв гэвэл сонголтоо нэрлээч.
~ Роберт Земексийн Cast away, Мэл Гибсоны Apocalypto, Алехандро Гонзалес Иннаритугийн Revenant эдгээр 3 киног авна. Номууд гэвэл Ошогийн Хайр эрх чөлөө ганцаардал, В.Инжиннашийн Улаанаа ухилах танхим, Пауло Коэлогийн Алхимич ном авч явна даа.
Үзэх хамгийн дуртай кино? Яагаад?
~ Кино үзэх үнэхээр дуртай шүү. Хуучны болон одоогийн кинонуудыг гадаад дотоод гэлтгүй харьцуулж үзэх дуртай. Роберто Бэнигнигийн Life is Beautiful, Вонг Кар вэй- in the mood for love, Стэнли Кубрикийн The Shining, Андрэй Таркавскийн Сталкер кино, мөн Күэнтин Тарантиногийн кинонуудад дуртай.
Инээдмийн болон эротик төрлийн кинонд яагаад ч юм, дургүй. Ер нь кино үзэхээрээ дотор нь оролгүйгээр хэрхэн яаж ингэж хийсийн бол, жүжигчид нь яаж тоглож байна, зохиол нь, хөгжим нь хэрхэн зохицох, найруулагч хэн яаж найруулж, пост продакшн яаж ажиллав гэх зэргээр л үзчихээд байдаг болсон байн лээ. Яг сайхан мэдрээд үзье гэхээр яах ч аргаггүй тэгээд задалж бодоод байдаг болсон нь мэргэжлийн онцлог юм уу даа.
Хэр их уншдаг вэ? Уншдагггүй хүн найруулагч болж чадахгүй байх гэж боддог. Уншаад үзэд бодолд тань эргэлт хийсэн ямар ном байдаг вэ?
~ Их юм уншсанаараа хүн мэдлэгтэй болчихлоо гэж боддоггүй. Харин уншсан зүйлээсээ яг юу ойлгож, ухаарч, мэдэрч авч чадаж байгаа нь гол зүйл гэж боддог. Мэдээж огт уншихгүй байх нь ёстой ойд төөрсөн сармагчин лугаа болох юмуудаа. Найруулагч гэлтгүй хүн бүр л ном унших хэрэгтэй. Номоос авах юм их бий. Тэндээс өөрийгөө таньж авах өрөөлийг мэдэж авах, хорвоог таньж мэдэх бүхэл бүтэн ертөнц оршдог.
Би голдуу уран зохиолын ном унших дуртай. Хүнийг хүн болгодог гол хүчин зүйл нь уран зохиол гэж боддог. Харин сүүлийн жилүүдэд түүхийн ном цаг боломж гарахаараа уншиж байгаа. Түүхээ мэднэ гэдэг маань хэн бүхэнд ус агаар шиг хэрэгтэй. Жек Лондоны зохиолуудыг уншихад яагаад ч юм хүн, нийгэм, байгаль гурвыг илүү мэдрээд ойлгоод байгаа мэт санагддаг. “Амьдрахын хүслэн” өгүүллэгийг нь уншаад өөрийгөө улам их зүйлс хийх хэрэгтэй гэдгийг ойлгож, яг юу хийхийг хүсдэг талаараа бодож тунгааж байх үедээ найруулагч гэх мэргэжилд үхэн үхтэлээ зүтгэе гэсэн шийдвэр гаргаж байсан.
Учир нь эл номноос хүн хорвоод ирээд л үхэх хүртлээ хамхуул шиг битгий бай, амьдрал бүтээх ёстой юм байна амьдралыг бүтээхийн тулд уйгагүй зүтгэж дайчин байх ёстой гэдгийг мэдэрч билээ. Мөн “Санаа муут явна хатна” гэдэг шиг хүн шиг л хүн байх хэрэгтэй гэсэн үзлийг баримталсаар явж байна.
“Хотулун гүнж” кино VOO Cinema-д найруулагчийн хувилбараар орно гэж сонслоо. Кино театрт гарсан хувилбараасаа ямар ялгаатай вэ?
~ Удахгүй кино маань 3 сарын 1нээс албан ёсоор VOO кино санд гарч эхлэнэ. Кино театрт гарснаас ялгаатай нь гэвэл театрт гаргахад киноны хугацааг чухалчилж үздэг. Тиймээс бид авсан зүрснээсээ маш их хасч эвлүүлсэн Киночид театрт гараагүй хэсгүүдээ дахин эвлүүлээд IPTV-н хувилбараа хийдэг юм байна л даа. Арай дэлгэрэнгүй шинэ хувилбараа найруулагчийн хувилбар гээд байгаа юм. Бид бас өнгөө нэлээд гоё болгож зассан байгаа.
Танай кинонд буга, туулай, бас гол дүрүүдийн бага насны хэсэг гардаг юм билээ. Амьтад, хүүхэд кинонд “тоглуулах” ямар байв?
~ Мэдээж амаргүй шүү дээ. Кинонд хүүхэд, амьтан хоёрыг тоглуулна гэдэг их үнэхээр их хөдөлмөр, мэдрэмж шаарддаг. Бид анх кино зохиолоо ярьж байхдаа эх зохиолд гардаг дүрүүдийн бага насыг заавал оруулвя, мөн мөнгөн эвэрт бугыг оруулж байж кино шидэт элементтэй болно гэж үзсэн. Анх vfx граффикаар буга, туулайгаа хийхээр ярилцаж байснаа болиод кинонд амьд буга байх нь үзэгчдэд илүү бодит мэдрэмж өгөх юм гэж шийдсэн.
За тэгээд кино багаараа бугын эрэлд гарч, шаварт унасан шарын эзэн гэгчээр продюсэр Шүүдэрцэцэг эгч нэгэн уншигчаасаа бугын сураг сонссоноор Мөнгөн морт руу гарцгаасан. Мөнгөнморьтын бугын аж ахуйд очсоноор бөөн адал явдал болсон, хэхэ. Бид хотоос хөдлөхдөө ногоон фон авч яваад түүнийхээ урдуур бугаа зогсоож, явуулж энэ тэр зураг авна гэж бодож байж л дээ хэ хэ.
Гэтэл юун ногоон фон, тэнд бугын сүрэг бэлчиж байснаа, биднийг бараанаар үргээд алга болсон. Гэтэл, ашгүй хамгийн идэмхий ганц буга үлдээд бид хэдийг хараад зогсчихлоо. Бид бүгд л нам гүм болцгоож, яаж бугаа үргээлгүйгээр зургаа авах уу гээд л манай зураглаач Бат-Ирээдүй камертайгаа дөхсөөр, хажуу талаас Шүүдэрээ эгч хүнд айлд өгөөр аваачсан еэвэнгээ гаргаж өнөөх буга руу сарвайтал нөгөөх чинь дөхөж ирээд амтархан идээд зогсчихов.
Бид ч аргаа олчихлоо гээд байдаг еэвнгээ өгөөд зургаа аваад байлаа. Сүүлдээ нөгөөх маань бүр зураглаачийн ууж байсан колаг хүртэл ховх сорчихдог тун айхтар буга байна лээ. Тэгж ховдгийг нь даоимдуулан тэжээж байж зураглаач маань, ашгүй ашигтай зургуудаа авч чадсан шүү. Огцом хөдөлбөл мөргөх гээд тэнд гэтсэн алгуур хөдөлсөн шивнэж ярьсан улс хэдэн цагийг өнгөрөөж билээ.
Тухайн үедээ амаргүй мөртлөө хожим бодохнээ их л дурсамжтай сайхан явдал болж үлдсэн дээ. Хүүхдүүдийн хувьд бид проб зарлаад тэндээсээ дүрүүдээ сонгон шалгаруулж авсан. Тэр дундаас жүжигчдийн хүүхдүүдийг оруулсан нь Урус ханхүү буюу жүжигчин Тэмкагийн том хүү Анар-Одыг өөрийнх нь бага насанд тоглуулсан. Хадбаатар буюу жүжигчин Энхболдын хүү Барс баатарын бага насанд тоглосон.
Тулааны найруулагч Аскагийн хүү Тэнгэрийг Чину баатрын бага насанд тус тус тоглуулсан нь нүдээ олсон шалгаруулалт байж гэж боддог шүү. Ер нь манай киноны хүүхдүүд үнэхээр мундаг сайн байсан. Хотулуны бага нас Ажуругийн дүрд тоглосон Индра маань хамгийн бага нь, үсэг ч сурч амжаагүй мөртөө киноны явцад үгээ маш сайн цээжилсэн байсан үнэхээр мундаг.
Абатай баатрын багад тоглосон Билэгт-Очир маань хоёр ч киноны гол дүд тоглоод байгаа. Хүүхдүүдийнхээ ээж аавуудад баярлалаа. Хүүхдүүд маань өвлйин зураг авалтанд даарч хөрөхийг үл ажран зургандаа хичээнгүйлэн оролцож байсан өхөөрдмөөр. Сониноос манай хүүхдүүд намайг найруулагч гэхгүй, багш аа гээд байёсан ш дээ
Анхны найруулсан кино тань маш том төсөл байлаа. Berlinale кино наадамд амжилттай оролцсон гэсэн. Кино нь 2020 оны хамгийн шилдэг 5 киноны нэгд орсон байсан. Танд юу бодогдож байна?
~ Хүн энэ ертөнцөт ирэхдээ эхэлж хорвоотой танилцаж, дараа нь юмс үзэгдлийг таньж сурч мэдсэнээр өөрийгөө хэн болохоо ойлгож ухаарч цааш алхдаг шүү дээ. Түүнтэй адил энэ том кино төсөлд багтаж ажилласандаа баяртай байна. Энэ удаагийн ОУ-ын Берлиналийн кино наадмын худалдаанд нийт 827 киноноос ганцхан Монгол кино нь Хотулун гүнж оролцож байгаад нь мэдээж сэтгэл өндөр байлгүй яахав.
Монголдоо анхдагч нь болж байгаа учраас юмны эхлэл нь Хотулун гүнж юм. Энэ бүхний ард кино багт гар бие сэтгэл зүрхээ дайчлан ажилласан хамт олондоо талархахгүй байхын аргаггүй. Мөн Шүүдэр продакшны хамт олонд, зохиолч, продюсер Б.Шүүдэрцэцэг эгч, Д.Болдхуяг ахад тусгайлан гүн талархал илэрхийлэх нь зүй ёсны хэрэг юмаа.
Цар тахлын хүнд үе, олон саад бэрхшээл, нугачаан дунд энэ кино төслийг зогсоолгүй авч явж, өдий зэрэгт хүргэсэн нь энэ хоёр хүний уйгагүй хөдөлмөрч дайчин чанар юм. . Тиймээс, 2021 онд бүтээгдсэн шилдэг 5 кинонд багтсан биз. Дахин талархъя. Кино багийнхандаа, эрхэм хоёр продюсердаа.
-Гэр бүлээ танилцуулаач.
-Би одоогоор гэрлээгүй. Бүх төлөвлөсөн зүйлээ гүйцээчихээд, одоо боллоо гэх цагтаа гэрлэх, ялангуяа аав болох нь зөв гэж боддог доо.
Энэ жилийн төлөвлөгөөгөө хуваалцана уу?
-Энэ жил хэд хэдэн зүйлс төлөвлөсөн байгаа. Ихэвчлэн уран бүтээлүүд бий. Гэхдээ одоогийн байдлаар тоочих нь илүүц гэж бодож байна. Цаг нь болохоор хүрч эхлэнэ дээ.
Сүүлчийн асуултыг Танд үлдээе.
-За баярлалаа, танай хамт олонд. “Хотулун -Алтан судрийн эрэлд” кино маань 3.01-нээс VOO Cinema кино сангаар гарч эхлэх болохоор залуус дүү нарт үзэхийг уриалж байна. Энэхүү киногоор дамжуулаад бид нар Монгол бай, Монголоо бүү алд, чин үнэнч хайр, анд нөхөрлөл, түүхийн нэгээхэн хэсгийг харуулж ойлгуулж Монгол гэх омогшлыг танд мэдрүүлэхийг хүссэн билээ. За тэгээд #МонголБай залуус аа.